Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний найман сарын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Мэдээллийн үеэр ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрсэн тухайг онцоллоо. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард гурван шинэ тохиолдол илэрсэн бөгөөд ингэснээр улсын ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930 нэмэгдсэн байна. Үүнд, салхи цэцгээр өвчлөгчид 2397 /46.3 хувиар/ мөөгөнцрөөр өвчлөгчид 58 /5.8 хувиар/, сүрьеэгээр өвчлөгчид 58 /2.3 хувиар/ гонококкт халдвараар өвчлөгчид 34 /0.9 хувиар/ өссөн нь голчлон нөлөөлжээ.
Тус байгууллагаас нийт 41.9 мянган ААН, байгууллагын 675.9 мянган ажиллагчдын цалингийн үзүүлэлтийг хамруулсан судалгаа хийсэн байна. Судалгаагаар иргэдийн дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг болсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хувь нь 320 мянган төгрөг хүртэлх, 13.2 хувь нь 320-500 мянган төгрөгийн цалинтай аж. Харин 30.9 хувь нь 500-900 мянган төгрөг бол 22 хувь нь 900 мянгаас 1.3 сая төгрийн цалинтай юм байна. Түүнчлэн 6.2 хувь нь 1.3-1.5 сая, 17.7 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай гэсэн дүн гарчээ. Эндээс ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны хоёрдугаар улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ. Мөн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн дүнтэй байгааг мэдээллээ. Тодруулбал,
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 13.3 хувь
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.2 хувь
- хувцас бөс бараа, гуталны бүлгийн үнэ 9.3 хувь
- тээврийн үнэ 3.4
- орон сууц, ус, цахилгаан хийх болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь
- эм, тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар өссөн нь өмнөх оны мөн үеэр 8.9 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ.
Г.Эрдэнэ