Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан төрийн тусгай обьектыг тендер зарлахгүйгээр “Дабль пирамид констракшин” компаниар бариулж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдох тайлбар мэдээлллийг сар бүр зарладаг хэвлэлийн хурлын үеэрээ өглөө.
Тодруулбал, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны мэдлийн төлбөр тооцооны төвийн барилга нь Санхүүгийн зохицуулах хорооны ард талд хоёр давхар байр байдаг байсан. Энэ утгаараа дата сервер, өгөгдлийн бааз бий болгох үүднээс төлбөр, тооцооны барилга шинээр барих зайлшгүй шаардлага гарсан. Захирлуудын хурлаар хэлцэж байгаад Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 16 давхар байр барьж, ашиглахаар тохиролцсон. Өнгөрсөн гуравдугаар сард баригдаж эхэлсэн. Удахгүй дуусна. Тендертэй холбоотой асуудлын хувьд бид эхлээд дата центр бүхий том хэмжээний барилгыг хурдан хугацаанд, чанартай барих компаниудыг судалж үзсэн.
Эндээс зургаан компанийн жагсаалт гарсан. Эдгээр компаниуд тендерт ирүүлсэн материалдаа төсвөө 20-70 тэрбумд гэсэн байсан. Бид аль болох чанартай байлгах үүднээс дундаж үнийн саналыг хүлээж авсан. Судласны үндсэн дээр нэг компанийг нь сонгосон. Энэ бүх шалгаруулалт стандартын дагуу, шат шатны байгууллагаас зөвшөөрлийг нь авч явсан. Энэ барилга нь мэдээж нууцын зэрэглэлтэй барилга. Тиймээс хуулийн хүрээнд барилга ажил явагдаж байна” гэсэн юм. Харин Хууль, эрх зүйн газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Эрдэнэхуяг “Төв банкны тухай хууль, төрийн болон орон нутгийн тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан дотоод журмын дагуу барилгын ажил зохицуулагдаж байна. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа, үйлчилгээг худалдан авах журмын тухай хуулийн 3.4-т Монгол Улсын мөнгөн тэмдэгт, гүйлгээ, сан, эрдэнэсийн сангийн байршил, төлбөр тооцооны дата төвүүд нь нууцад хамаарагдах буюу төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар зохицуулагдах заалттай байдаг.
Монгол банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу удирдан зохион байгуулах гэдэг үндэслэлээр дотоод журам байдаг. Уг журам дээр Монгол банкнаас үнэлгээ хороо байгуулагдаж, тухай ажлын шалгуурууд тавьдаг. Үүний дагуу шууд гэрээ байгуулах гэдэг үндэслэлээр зургаан компанийг сонгон шалгаруулсан” гэлээ.
Сэтгэгдэл (1)