Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын гуравдугаар хуралдаан 2019 оны есдүгээр сарын 9-10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар Цагаандэл, Уул-Өлзий боомт, БНХАУ-ын Эрээн боомтын ачаалал, Монгол, Хятадын тээврийн хэрэгслийг хилээр шалган нэвтрүүлэх чадавхыг эрчимжүүлэх зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцсэн байна.
ГЕГ-ын дарга Б.Асралт, БНХАУ-ын ГЕГ-ын дэд сайд, Үндэсний боомтын захиргааны дарга Ху Вэй нар өчигдөр уулзаж, хоёр талын комиссын хуралдааны үр дүнг хэлэлцэж, хурлын протоколд гарын үсэг зурав. Талууд Монгол Хятадын хилийн боомтын хамтарсан шалгалтыг амжилттай зохион байгуулж, боомтод тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд томоохон ахиц авчирсныг онцлон тэмдэглэсэн юм. Цаашид зарим боомтод Монгол Улсаас гаргаж байгаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах, боомтын хөгжил, зарим авто замын боомтыг шинээр байгуулах, төмөр замын боомт болон бусад боомтыг өрөгжүүлэн хөгжүүлэх зэрэг олон чухал асуудалд талууд нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллахаар боллоо.