ХХБанк нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний нийгэмд оруулах хувь нэмэр, дуу хоолойг дэмжих зорилго дор Ахиллис Монгол Олон улсын байгууллага (ОУБ)-тай 3-н жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй "Итгэл найдвар, боломж” уриа дор зохион байгуулагддаг марафон гүйлтийн тэмцээнд ХХБанкны ажилтнууд дэмжин оролцохоос гадна Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллахаар боллоо. Энэхүү марафон гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдэнд урам зориг, эрч хүч болон өөртөө итгэх итгэлийг өгөх үндсэн зорилготой.
Монгол улсын хэмжээнд 160 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд үүнээс 30 хүрэхгүй хувь нь идэвхтэй сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоо баримт байна. Ахиллис Монгол ОУБ нь тэдний биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг дэмжих, хувь хүний ур чадварыг сайжруулах зорилгоор 2015 оноос хойш жил бүр холын гүйлт, алхалтын тэмцээнийг амжилттай зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү тэмцээнүүдэд ХХБанкны ажилтнууд сайн дурын үндсэн дээр идэвхтэй дэмжин оролцдог.
Энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хандивын марафон гүйлт нь 9-р сарын 14-ний өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.
Энэхүү марафоноос цугларсан хандив, орлого нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тамирчдыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх болон тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь бүрдүүлэн өгөх зорилготой байдаг.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.