Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэл болгож, нэмэлт хоёр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлахад 27 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталжээ.
Одоо хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг, Сүхбаатар боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа аж. Тэгвэл нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт, Увс аймаг дахь Боршоо боомтыг тус тус шинэчлэн сайжруулах юм байна.
Монгол Улсын ДНБ-ий нэлээдгүй хувийг гадаад худалдааны орлого 2009-2017 онд 1.9 тэрбум ам.доллараас 6.2 тэрбум ам.доллар болж өссөн бол энэ хугацаанд импортын орлого 2.1 тэрбумаас 4.3 тэрбум ам.доллар болон нэмэгджээ.
Хэрэгжиж буй төслийн хүрээнд Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлыг Бичигт болон Боршоо боомтод нэвтрүүлэх аж. Түүнчлэн хилийн дөрвөн байгууллагын ажилчдын чадавхыг орон даяар бэхжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр хилийн боомтоор дамжин хийгдэх ОХУ, БНХАУ-тай хийх хоёр талын худалдаа болон транзит ачаа тээврийн эргэлт цаашид өснө хэмээн Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа юм.
Тодруулбал, 2026 он гэхэд Бичигт боомтоор дамжих худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэж, 400 сая ам.долларт хүрэх бол импорт 95 сая ам.доллар, харин Боршоо боомтоор дамжих худалдаа эргэлт гурав дахин нэмэгдэж 95 сая ам.долларт хүрэх бөгөөд үүний ихэнх хувийг импортоос шалтгаалсан өсөлт эзэлнэ гэсэн таамаг байгаа аж.