Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төсвийн байгууллагуудын “Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг”-ийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны зургадугаар сарын 30-ны өдрүүдэд 2 үе шаттай зохион байгууллаа. “Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг”-т нийт 131,765 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдахаас 72 хувь буюу 95,523 аж ахуйн нэгж, байгууллага, 6389 төсөвт байгууллага хамрагдахаас 3,410 төсөвт байгууллага хамрагдав.
Уг судалгаанд оролцсон 95,523 аж ахуйн нэгж, байгууллагын 94 хувийг жижиг дунд аж ахуй нэгж эзэлсэн байна. Энэ нь нийт аж ахуй нэгж байгууллагын хөрөнгийн 2 хувь, борлуулалтын орлогын дүнд 10 хувийг эзэлж байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын 26 хувь буюу 24,997 байгууллага Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй, харин төсөвт байгууллагын хувьд 2945 байгууллага буюу 86,6 хувь нь бодлогын баримт бичигтэй гэсэн дүнтэй байна. Манай улсад санхүү нягтлан бодох бүртгэл хариуцан ажиллаж буй нийт 18,943 мэргэжлийн нягтлан бодогч байгаа бол үүний 90 хувь буюу 15,467 нягтлан бодогч аж ахуй нэгж, байгууллагад, 10 хувь буюу 3476 нягтлан бодогч төсөвт байгууллагад ажиллаж байна.
Судалгаанд хамрагдсан аж ахуй нэгж, байгуулагын 11 хувь буюу 10,516 байгууллага санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ хангамж ашигладаг гэжээ. Харин нягтлан бодох бүртгэлийн стандартыг 8298 байгууллагын 43 хувь нь бүрэн нэвтрүүлжээ. Энэ удаагийн Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг нь 8 жилийн дараа ийнхүү зохион байгуулагдсан ба дүнг энэ оны есдүгээр сард зохион байгуулагдах Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны улсын YI зөвлөгөөнөөр бодлогын хэмжээнд хэлэлцүүлнэ.