Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасны дагуу “Урьдчилсан худалдан авах ажиллагааны журам”-ын төслийг боловсрууллаа. Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа enkjhargal_t@mof.gov.mnхаягаар ирүүлнэ үү.
УРЬДЧИЛСАН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хоёр. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний урьдчилсан
худалдан авах ажиллагаа
2.1. Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улсын төсвийн төсөлд заасан төсөл, арга хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь заалтад хамаарах бөгөөд улсын төсөв батлагдахаас өмнөх шатанд цаг алдалгүй эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нь саналаа Сангийн яаманд хүргүүлнэ.
2.2. Сангийн яаманд урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулахаар санал хүргүүлэх төсөл, арга хэмжээ нь ирэх оны төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөв бүрэн батлагдсан, хууль тогтоомжоор шаардсан бүх зөвшөөрөл олгогдсон буюу бэлтгэл ажил бүрэн хангагдсан байх шаардлагыг тус тус хангасан байна.
2.3. Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн саналыг үндэслэн ирэх оны төсвийн хүрээнд урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалтын төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлнэ.
2.4. Төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалт батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Гурав. Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний урьдчилсан худалдан авах ажиллагаа
3.1. Олон улсын гэрээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газрын баталсан заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээг Улсын Их Хурал соёрхон батлахаас өмнө түүний дагуу олгогдох гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний хүрээнд зөвлөх үйлчилгээ худалдан авахад зөвхөн дараах зорилгоор урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулж болно:
3.1.1. Тухайн зээл, тусламжийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэх байгууллагын төслийн худалдан авах ажиллагааны баримт бичиг, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичиг болон холбогдох тооцоо, судалгааг гаргах;
3.1.2. Тухайн төсөл, арга хэмжээний хүрээнд байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, тооцоо, судалгааг гаргах;
3.1.3. Тухайн төсөл, арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх холбогдох ажлын инженерийн тооцоо, зураг, төсөл, түүнтэй холбоотой судалгаа, тооцоог боловсруулах, бэлтгэх, зохион байгуулах.
3.2. Энэ журмын 3.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлуулахаар Улсын Хуралд өргөн мэдүүлсэн байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
3.2.1. Засгийн газрын зөвшөөрөл эсхүл эрх олгосноор холбогдох байгууллага, албан тушаалтнаас гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг гадаад улс, олон улсын байгууллагатай харилцан тохиролцсон;
3.2.2. Гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулах гэрээ, хэлэлцээрийг Засгийн газрын зөвшөөрөл авсан эсхүл эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдсэн;
3.2.3. Холбогдох яамд, УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж, дэмжигдсэн;
3.2.4. Гадаад улс, олон улсын байгууллагаас зээл, тусламжийг олгох, гэрээ байгуулах талаарх шийдвэр гарсан.
3.3. Энэ журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан олон улсын гэрээг Улсын Их Хурал соёрхон батлахаас өмнө тухайн зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжихээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь үр ашигтай бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзвэл холбогдох төсөл хариуцсан нэгж, төсвийн ерөнхийлөн захирагч энэ тухай саналаа Сангийн яаманд хүргүүлнэ.
3.4. Сангийн яам саналыг хүлээн аваад урьдчилсан худалдан авах ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага, эрсдэл, зардлыг үнэлсний үндсэн дээр урьдчилсан худалдан авах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно.
Дөрөв.Урьдчилсан худалдан авах ажиллагаа зохион байгуулах байгууллага, журам
4.1. Энэ журмын 4.2-т зааснаас бусад тохиолдолд төсөл, арга хэмжээний худалдан авалтыг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг баримтална.
4.2. Энэ журмын 3.1-д заасан олон улсын гэрээний төсөлд тухайн зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаас өөр журам баримтлах тухай гэрээний төсөлд тусгайлан заасан бол урьдчилсан худалдан авах ажиллагааг явуулахдаа уг төсөлд заасан худалдан авах ажиллагааны журмыг баримталж болно.
4.3. Урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулах тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулахдаа урьдчилсан худалдан авах ажиллагаанд хэрэглэхээр холбогдох тендерийн жишиг баримт бичиг болон дүрэм, журамд заасан тусгай нөхцөл, маягт болон сануулгыг заавал тусгасан байна.
4.4. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулна.
4.5. Энэ журмын 3.1-д заасан олон улсын гэрээний дагуу олгогдох зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээг урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулахад Сангийн яамнаас олгосон зөвшөөрөл нэр заан тодорхойлсон этгээд эсхүл худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
4.6. Улсын төсөв батлагдсан, гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулах зээл, тусламжийн гэрээ соёрхон батлагдсан бол зөвхөн энэ журмын 2.3, 3.4-т заасан жагсаалтад багтсан болон зөвшөөрөл олгосон төсөл, арга хэмжээний урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулсан гүйцэтгэгчид холбогдох гэрээ, хэлцлийг үндэслэн санхүүжилт олгоно.
Тав. Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний урьдчилсан худалдан авах ажиллагаанд гарсан зардлыг нөхөн төлөх
5.1. Улсын Их Хурлаас урьдчилсан худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулсан төсөл, арга хэмжээнд холбогдох олон улсын гэрээг соёрхон баталсан бол урьдчилсан худалдан авах ажиллагаа зохион байгуулахад гарсан дараах шаардлагыг хангасан зардлыг зээл, тусламжийн хөрөнгөөс нөхөн төлнө:
5.1.1. бодитой, хүлээн зөвшөөрөгдөхүйц бөгөөд зайлшгүй бий болсон байх;
5.1.2. тухайн төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нийт санхүүжилтийн 5 хувиас хэтрэхгүй байх;
5.1.3. зээл, тусламжийн гэрээ зурагдахаас өмнөх 12 сарын дотор гарсан байх;
5.1.4. урьдчилсан худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, тендер нь нээлттэй, ил тод, явагдсан байх;
5.1.5. урьдчилсан худалдан авах ажиллагаа зохион байгуулах шийдвэр, түүний нөхцөл нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн гэрээгээр тохирсон нөхцөлтэй нийцсэн байх;
5.2. Энэ журамд заасан урьдчилсан худалдан авах ажиллагааг хууль, энэ журам болон гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан олон улсын гэрээнд заасны дагуу зохион байгуулаагүй тохиолдолд урьдчилсан худалдан авах ажиллагаанд гарсан зардлыг нөхөн төлөхгүй.