Гаднын хөрөнгө оруулалт татах, цаашлаад бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Азийн төлөөх Боао форум” манай улсад анх удаагаа зохиогдож байна. Тус форумд тус форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирээд буй.
Форумын үеэр Монголын бизнесийн зөвлөлийн дэд тэргүүн, Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Рандолф Коппа "Монгол Улсад бизнес эрхлэхэд нэн тулгамддаг асуудал нь зам тээвэр, эрчим хүч зэрэг суурь дэд бүтэц. Үүнийг нэн түрүүнд шийдэх ёстой. Зам харилцаа хөгжиж байж Монгол Улс дэлхийн улс орон руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Нөгөө талаасаа, Монгол Улсын дэд бүтэц сайжирвал БНХАУ Монгол Улсаар дамжин Европын улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно. Харилцан ашигтай гэсэн үг.
Мөн БНХАУ-д сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээг Монгол Улсаас нөхөх хангалттай нөөц бий. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хятадын дэвшилтэт технологийн нэвтрүүлж, ашиглах, үүнийхээ хариуд БНХАУ-ын жуулчдын эх орондоо татах замаар эдийн засгаа солонгоруулж болно. Том төслийг Засгийн газар дангаараа санхүүжүүлэх хүндрэлтэй учир хамтын ажиллагааны хүрээнд шийдэл олох нь зүйтэй юм" гэлээ.
Харин Хөгжлийн банкны зөвлөх Б.Эрдэнэсанаа "Засгийн газраас гаргасан экспорт, хилийн худалдаа, чөлөөт бүсийг дэмжсэн шийдвэрийг гурван орны хувийн хэвшлийнхэн идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн санхүүгийн механизм энэ төсөл хэрэгжихэд сайн ажиллах ёстой. Тухайлбал, Монгол талаас Хөгжлийн банк, ОХУ-ын талаас Евразийн хөгжлийн банк, Ерөнхийлөгчийнх нь дэргэдэх шууд хөрөнгө оруулалтын сан, БНХАУ-ын талаас Азийн дэд бүтцийн хөгжлийн банк зэрэг маш олон санхүүгийн байгууллагууд санхүүжилтийн талаас нь дэмжиж ажилбал энэ ажил урагшилна" гэдгийг онцолсон юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (7)