Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоо настай хүүгийн амь насыг хохироосон хэргийн талаар талийгаачийн ээж Н.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Та болон таны гэр бүлд тохиосон зүйлд их харамсч байна. Болсон явдлын талаар ярьж өгнө үү. Яагаад ийм хэрэг болчихвоо?
-Баярлалаа. Хүн болох гээд нарт хорвоод мэндэлсэн бяцхан хүүгээ хайрлаж, хамгаалж чадалгүй энэ хорвоогоос алдсандаа өөрийгөө зүхээд ч барахгүй юм. Тэр гайтай өдөр тохиогүй байсан бол өдийд хүү минь ээжийнхээ өвөр дээр эрхлээд сууж байх байлаа. Амьдын хагацал шиг там алга. Тэр дундаа үр хүүхдийнхээ ард орох шиг хүнд зүйл гэж байдаггүй юм байна. 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Дэнжийн цагаан худгийн ойролцоо 12.00 цаг орчмын үед 40-48 улсын дугаартай “Пит” маркийн улаан өнгийн машин долоон настай хүүг минь мөргөсөн юм. Ингэхдээ хааз, тормосоо андуурч 50 метр чирж, амь насыг нь хөнөөсөн. Тухайн үед хүүгээ Гэмтэл согогийн үндэсний төвд очиж эмчлүүлсэн ч тав хоног ухаангүй байж байгаад зургадугаар сарын 12-ны өдрийн 20.45 цагт амьсгал хураасан. Ийм л гэнэтийн зүйл болсон доо.
-Шинжээчийн дүгнэлтээр маш олон гэмтэлтэй гарсан гэсэн. Та дэлгэрүүлэнгүй хэлж өгч болох уу?
-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношоор талийгаачийн тархины баруун талын бөмбөлгийн эд доторх няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал, ташаа, цавины тархмал зулгаралт тогтоогдсон. Дээрх гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүссэн бөгөөд шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдоогүй гэж гарсан. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын шинжээчийн дүгнэлтээр эцэг Мягмар болон түүний долоон настай хүү Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Аав нь хүүгээ хөтөлж яваад машин ирэхэд урдуур нь түлхээд оруулчихсан зэргээр дүгнэлт гаргасан байна лээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд ямар ч камер, явган хүний гарц байхгүй шүү дээ. Харин энэ хэргийн дараа явган хүний хоёр гарц тавьсан байна лээ.
-Нөлөө талаас хүүг саажилттай байсан гэх бичиг гаргаж ирсэн гэсэн. Энэ үнэн юм уу?
-Ийм дүгнэлт гаргасан нь үнэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвадорж эмч, тухайн хэргийн мөрдөн байцаагч Мөнхсүхтэй хуйвалдаж, талийгаачийг саа өвчинтэй байсан гэж хуурамч тодорхойлолт гаргуулсан. Миний хүү халамжийн мөнгө авдаг байсан ч саажилттай хүүхэд байгаагүй. Миний хүү 2013-2017 он хүртэл цэцэрлэгээр хүмүүжсэн. Хэрэв саажилттай байсан бол тийм хүүхдийг цэцэрлэгт авахгүй шүү дээ. Цэцэрлэгээс нь хийж өгсөн тодорхойлолт ч бий. Түүнчлэн мөрдөн байцаагч Мөнхсүх ослын газар байсан хүүхдийн бүтэн биеийн зураг буюу эд мөрийн баримтыг устгачихсан.
-Яагаад устгасан гэж. Тухайн ослын талаарх эд мөрийн баримтыг хадгалах ёстой шүү дээ?
-Тухайн осол гарах үед хажуугаар нь явж байсан цагдаа н.Хосбаяр хүүгийн гурван талаас зургийг нь авч баримтжуулаад халуун газар хэвтүүлээд яахав гээд босгосон байдаг. Харин тухайн ослын эд мөрийн баримт болох хүүгийн зургийг тухайн цагдаа авах боломжгүй байсан тул осол хийсэн этгээдийн гар утсаар авсан гэсэн. Гэвч тухайн үеийн ослын зургийг авъя гэхээр мөрдөн байцаагч яллагдагч М.Мөнхтулгын зөвшөөрлөөр устгасан. Хэрэв яллагдагч өөрөө зөвшөөрвөл гаргаж өгч болно гээд байгаа юм. Ослын эд мөрийн баримтыг авах гэж байхад хэрэг хийсэн хүний зөвшөөрөл ямар хэрэгтэй юм бэ. Үүнийг гайхаад байна.
-Анхан шатны шүүх хэзээ болсон бэ. Шүүх хурлаар ямар шийдвэр гарсан юм бол?
-Анхан шатны шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 29-ний өдөр болсон. Шүүхээс хэргийн буруутан М.Мөнхтулгад нэг жилийн тэнсэн харгалзах ял, гурван жилийн машин жолоодох эрхийг нь хасах ял оногдуулсан. Гэвч шүүх хурал болохоос дөрвөн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгч Хэрлэн нь хэргийн буруутан М.Мөнхтулгын ахтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сити” буудалд орж, хамт цай уун миний хүүгийн талаар ярилцаж байхыг харсан хөндлөнгийн гэрч бий. Өөрөөр хэлбэл, энд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж харж байгаа. Тухайн гэрчийг шүүх хуралд оролцуулсан ч юу ч яриулаагүй. Шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд торгоод хөөж гаргана шүү гэж айлгасан. Ингээд анхан шатны шүүх хурал болсноос хойш энэ хугацаанд нийт найман удаагийн шүүх хурал болсон. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд дөрвөн удаагийн шүүх хурал, Сэлэнгэ аймгийн давж заалдах шүүх хуралд гурван удаа, Улсын Дээд шүүхэд нэг удаа болсон юм. Ирэх долоо хоногт ес дэх шүүх хурал болох ёстой ч тов нь тодорхойгүй байна. Өмнөх шүүх хурал 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр явагдсан. Тус шүүх хурлаар анхан шатны шүүх хурлын ялыг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан юм.
-Шүүгч гэмт этгээдийн ахтай хамт буудал руу орсон гэдгийг нотлох баримт бий юу?
-Буудал руу орсныг нь харсан гэрч бол миний төрсөн дүү. Тухайн үед Nokia маркийн гар утастай явсан учраас зураг дарж чадаагүй.
-Хэргийн буруутан ямар мэдүүлэг өгсөн байсан бэ. Та үүнийг олж уншсан уу?
-М.Мөнхтулга мэдүүлэгтээ хүүхэд зам дээр явж байхыг харсан. Сандрахдаа машинаа зогсоож чадалгүй хааз гишгэн хүүхдийг мөргөөд чирсэн гэсэн байсан.
-Мөнхсүхийн ах ямар ажил эрхэлдэг юм бэ. Хуулийн байгууллагынхантай холбоотой, танил талтай юм уу. Таны ярианаас шүүгчтэй танил юм шиг зүйл анзаарагдлаа?
-Мөнхсүхийн ах Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван давхар утасны дэлгүүртэй. Үүндээ бардаад тэгдэг юм болов уу. Над руу хүртэл мессеж бичиж, сэтгэл санааны дайралт хийсэн. Үхсэн хүүхдийнхээ ясыг өндөлзүүлээд дэмий л юм байгаа юм. Үлдсэн хоёр хүүхдэд чинь нөлөөлөх вий дээ гэж бичсэн юм. Бидний хувьд өмгөөлөгч муутай тул чадлаараа л энд тэнд газруудтай уулзаж, хүсэлт гаргасан.
-Үлдсэн хүүхдүүдэд чинь нөлөөлөх вий гэсэн гэнэ ээ?
-Тийм ээ. Аймаар байгаа биз дээ. Надад сүрдүүлэг шиг санагдсан.
-Та үүнийгээ мөрдөгч эсвэл прокурорт хэлсэн үү?
-Прокурорт үзүүлсэн. Тэгэхэд зүгээр л санаа нь зовоод ингэж хэлсэн байна гээд хэрэгсээгүй. “Чиний үлдсэн хоёр хүүхдэд чинь нөлөөлөх вий” гэж санаа зовдог юм уу гэж асуухад “Тэгсэн байна” гэсэн. Талийгаач хүүгээ 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр хөдөөлүүлчихээд хэрэг явдал ямар шатанд яваа талаар мөрдөн байцаагчаас асуусан юм. Энэ үеэр “М.Мөнхтулгын ээж нь осол гаргасан автомашиныг унаад явж байна. Ингэж болдог юм уу” гэж асуухад “Чамд ямар хамаатай юм. Би ажлаа хийж байна” гээд хөөж гаргасан. Шүүх хурлын үеэр улсын яллагч Хэрлэн яллагдагчийн талыг чөлөөтэй яриулдаг хэрнээ манай өмгөөлөгч үг хэлэх гэхээр “Хүнд буруу сэтгэгдэл төрүүлээд, энэ муу авгай” гэж над руу харж хялалзаад алхаа цохиод суулгачихдаг. Учир нь шүүгч Хэрлэн, Мөнхтулгын аав ээжтэй танил юм гэсэн.
-Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй шүүгч, сэтгэл санааны дарамт учруулж, заналхийлсэн яллагдагчийн ахад гомдол гаргасан уу?
-Үгүй. Хааяа гомдол гаргах юм сан боддог юм. Хууль мэдэхгүй болохоор гомдол гаргаагүй. Яллагдагчийн ах нь Амгаланбаатар гээд цагдаагийн өмнө “Энэ муу ингэж ярьж байгаад надаас хэдэн төгрөг салгах гэж байгаа юм” гэж доромжилоод байхад лд цагдаа нь тоож авч хэлэлцдэггүй гээд боддоо. Үр хүүхдээ алдаад шаналж явахад “Уучлаарай” гэдэг үгийг хэн нь ч хэлээгүй. Тэрсэн атлаа “Мөнгө төгрөг авах гээд байгаа юм уу. Чадахгүй шүү” гэж ярих нь ямар учиртай юм бэ. Би мөнгө биш харин шударга ёсыг л хүссэн. Миний хүүг дайрч, амь насыг нь хохироосон хэргийг хуулийн дагуу шийдэж өгөөсэй л гэж хүсч байна. Ер нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүх баян хүнд үйлчилдэг, хахуульд идэгдсэн байгууллага.
-Талийгаач айлын хэд дэх хүүхэд байсан бэ?
-Хүү маань айлын дунд хүүхэд байсан юм. Энэ хэргийг ингэж даамжруулж байгаад нь Сэлэнгэ аймгийн цагдаа, шүүх, прокурорын байгууллагад гомдолтой байна. Нэг үе хүүгээ бодоод энэ хэргийг ингээд орхидог юм билүү гэж бодож, шантарч явсан үе бий. Гэхдээ хүүгээ ямар нэгэн гомдол харуусалгүй дээд тэнгэрт очоосой гэж бодсоны үүднээс эцсээ хүртэл шантралгүй зүтгэнэ гэж бодож байна.
-Энэ хэрэг дээр туслалцаа хүсч нэлээд байгууллагад хүсэлт гаргасан гэсэн. Хэн хэнд хүсэлт гаргасан бэ. Ямар хариу ирэв?
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам гээд хандаагүй газар байхгүй. Гэвч эдгээрээс тухайн орон нутагт шийдвэрлэж, түүгээр хариу өг гэсэн хариу ирүүлдэг. Ингээд хэрэг буцаад л Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхэд очдог. Тэндээс хөнгөн гэмт хэрэг гэж шийдвэр гаргадаг. Харин Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээс хэргийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж анхан шат руу нь буцаадаг. Хэрэв талийгаачийн ар гэрээс гомдолгүй гэвэл яллагдагч нэг жилийн тэнсэн авна гэнэ. Гэхдээ үр хүүхдээ алдсан эх хүн гомдолтой байлгүй яах вэ. Ингээд Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхээс гэм хор арилаагүй, хэргийг буруу зүйлчилсэн, нэг жилийн тэнсэн өгөх боломжгүй гэж анхан шатны шүүх рүү нь буцаадаг. Ингэж явсаар ес дэх шүүх хурлын нүүрийг үзэх гэж байна.
-Танай өмгөөлөгч уг хэргийг ямар зүйл ангид хамаарна гэж үзэж байгаа юм бол?
-Манай өмгөөлөгч энэ талаар юм хэлдэггүй. Бид өмгөөлөгч хайж их явсан. Эхний авсан өмгөөлөгч Энхтуяа хоёр сая төгрөгөөр хэргийг өмгөөлж өгнө гэсэн юм. Боломжоороо урьдчилаад 800 мянган төгрөг төлсөн. Гэтэл бидний авсан өмгөөлөгч нөгөө талын өмгөөлөгчтэй танил юм билээ. Биднийг өмгөөлөхөө больсны дараа буцааж 200 мянган төгрөг өгсөн. Шүүх хурлын эсрэг талын өмгөөлөгч “Энэ 200 мянган төгрөгөө буцаагаад авчихсан. Танай өмгөөлөгчөөр ажиллаж байсан Энхтуяа чинь ийм юм хийх гэж байсан” гэж хэлдэг. Уг нь хэрэг шийдэгдээгүй байхад манай талын өмгөөлөгч хэргийн баримтыг эсрэг талд задлаад яваад байж болохгүй биз дээ. Мөн хууль зүйн тусдалцаа өгдөг газруудаар ч зөндөө явсан. Тоож хэлэлцэх хүн байдаггүй юм билээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)