Аюулгүй байдлыг хангах зорилгоор 2020 онд Японы Токио хотод болох олимпын болон паралимпийн тоглолтын үеэр хүмүүсийг нүүр царайгаар нь таних технологийг ашиглах тухай “Токио-2020” олимпын зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Ийм системийг Олимпын тоглолтын үеэр анх удаагаа хэрэглэх гэж байна гэж уг технологийг зохион бүтээсэн Японы харилцаа холбооны “NECCorp” компани мэдээлжээ.
Шинэ технологийг ашигласнаар хулгайд алдагдсан болон гээсэн бичиг баримт, үнэмлэхийг ашиглах, хуурамчаар хийх зэрэг үйлдлийг таслан зогсоож, ингэснээр Токио-2020 олимпын наадмын үеэр аюулгүй байдлын төвшинг эрс дээшлүүлж чадна гэж зохион байгуулагчид үзэж байна.
Нүүр царай таних үйл явц автоматаар хэдхэн хоромд явагдах учраас уг технологийг олон улсын томоохон тэмцээн уралдааны үеэр ашиглах боломжтой. “Токио-2020” олимпын Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Цүёши Ивашита хэлэхдээ “Олимпын тоглолтын аюулгүй байдлын баталгаа бол зөвшөөрөлгүй хүмүүс болон хориглосон эд зүйлсийг нэвтрүүлэхгүй байх явдал юм” хэмээжээ. 2020 оны долдугаар сараас өмнө 300 мянган тамирчны зургийг уг технологид оруулах шаардлагатай байгаа аж. Энэ технологиор 40 гаруй газарт орж байгаа хүнийг автоматаар шалгах боломжтой юм байна. Гэвч энэхүү технологийг зөвхөн олимпод оролцох тамирчин, сэтгүүлч, сайн дурын ажилтнуудад ашиглах юм. Хүнийг нүүр царайгаар тодорхойлох уг систем 99.7 хувийн баталгаатай аж.
Л.Сайнбаяр