Инденоз улсын нийслэл Жакарта хотноо 18 дахь удаагийн Азийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадам түүхэнд бичигдэхүйц олон орны баг тамирчид оролцож байна. Нийт 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж байгаагаараа Азийн наадмын түүхэнд хамгийн том наадам болж байгаа юм.
Манай улс Азийн наадамд спортын 30 төрөлд 270 гаруй тамирчин өрсөлдөж байгаа. Энэ нь мөн л манай улсын хувьд Азийн наадамд хамгийн олон тамирчин оролцуулж байгаа тохиолдол болж байгаа аж. Монгол Улсын тугчаар чөлөөт бөхийн 125 кг-ын тамирчин, улсын шинэхэн харцага Н.Золбоо ажилласан юм.
Монголын тамирчид 1974 онд анх удаа Азийн наадамд оролцсон бөгөөд анхны алтан медалийг Дашдоржийн Цэрэнтогтох чөлөөт бөхийн 90 кг-д, Хорлоогийн Баянмөнх чөлөөт бөхийн 100 кг-ын жинд тус тус хүртэж байжээ. Азийн наадмын эхний өдөр чөлөөт бөхийн барилдаанаар эхэлнэ. Харин өмнөх наадмуудын хувьд чөлөөт бөхийн төрөл сүүлийн өдрүүдэд явагддаг байсан уламжлалыг халсан үйл явдал байлаа.
Азийн наадмын онцлох зүйлээс дурдвал
БНХАУ медалийн тоогоороо тэргүүлдэг бол түүний араас Япон улс бичигдэж байна. Азийн наадмаас медаль хүртээгүй гурван улс байдаг ба үүнд Мальдив, Бутан, Зүүнтимор улс байдаг аж.
Мөн Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд Филиппин улсыг төлөөлөл оролцож буй NBA-гийн тамирчин Жордан Кларксон анхаарлын төвд байна. Тэрбээр улсынхаа тугчаар ажилласан бөгөөд БНХАУ-ын шигшээ багтай хийх тоглолтод тоглохоор болжээ.
Хоёр Солонгос улс спортын 6 төрөлд нэгдэн оролцож байгаа бөгөөд нэгэн тугийн доор баг тамирчид гарч ирсэн нь онцлох зүйлсийн нэг байлаа.
А.Болд