Өнгөрсөн онд Бразилид гэмт хэргийн улмаас 63880 хүн амиа алдсан нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо юм. Энэ нь 2016 оныхоос 3 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үүний зэрэгцээ өдөрт 14 хүн цагдаа нарын гарт амиа алдаж байгаа нь 2016 оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Бразилийн Аюулгүй байдлын олон нийтийн форумаас гаргасан тайланд дурджээ. Мөн хүчингийн хэрэг 8 хувиар өсч, 60018-д хүрсэн бол эмэгтэйчүүдийн амийг хөнөөх гэмт хэрэг 6.1 хувиар өсч, 4539-д хүрсэн байна. “Энэ тоон үзүүлэлт маш хүнд нөхцөл байдал бий болоод байгааг харуулж байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн тоо нэмэгдэх, цагдаагийн журам муу, хуучирсан хууль зэргээс болж хүн амины гэмт хэрэг газар авч байна” гэж тус форумын тэргүүн Ренато Сержио де Лима мэдэгдээд, хохирогчдын дийлэнх нь ядуусын хорооллоос гаралтай нас залуу, өнгөт арьстнууд байгааг дурджээ. Мөн тэрбээр, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, хар тамхи болон зэвсгийн наймаа нь манай нийгэмд нэлээд түгээмэл болоод байна гэж мэдэгдэв.
Р.Хишигжаргал