Алдарт теннисчин Винус Уильямс 78 настай өвгөний аминд хүрсэн зам тээврийн осол гаргасан талаар хэвлэлийнхэн шуугиж эхэллээ. өдгөө 37 настай, Их дуулгын долоон удаагийн аварга В.Уильямсийн нэр холбогдсон зам тээврийн ослыг мөрдөн шалгаж байна гэж Флорида муж улсын Палм-Бич хотын Цагдаагийн газар өнөөдөр мэдэгдсэн байна.
Осол энэ сарын 9-ны өдөр болжээ. 78 настай өвгөн энэ ослын үеэр авсан гэмтэл бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хоёр долоо хоногийн дараа нас барсан байна. В.Уильямс буруутай гэж цагдаа нар үзэж байгаа бол түүний өмгөөлөгч нь “энэ бол осол байсан” гэж мэдэгджээ. Нас барсан Жером Барсон нь осол болох үед эхнэрийнхээ хамт автомашинтайгаа уулзвараар гарах гэж байжээ.
В.Уильямс мэдүүлэг өгөхдөө “би тэдний машиныг хараагүй. Би хурд хэтрүүлээгүй, удаан явж байсан” хэмээсэн бол нүдээр харсан гэрчүүд цагдаад мэдүүлэг өгөхдөө “В.Уильямс тухайн үед маш хурдтайгаар зам руу орж ирсэн. Зам түгжрэлтэй байсан учир уулзварыг чөлөөлөх боломжгүй байсан” гэж ярьсан байна.