Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээний нэгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадам өнөөдөр 11:00 цагт Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд нээлтээ хийнэ.
Уг наадмын хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь бүх нийтээр дуулж, эгшиглүүлэх аж.
Нээлтэнд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, ХБНГУ-ын Проф.Бернхард Вульф /Монголын соёлын өргөмжит элч, “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч/, МУСТА С.Бадамхорол /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, Захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын төвийн захирал/ олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид оролцоно.
Олон улсын хөгжмийн их наадам зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар–Өвөрхангай, Хархорин–Сайншанд, Хамрын хийд хэмээх түүхэн газруудад үргэлжлэн зохион байгуулагдана.