Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт ирэх лхагва гаригт сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн эхэлнэ. Монголын боксын холбоо тэмцээний талаар мэдээлэл хийлээ.
28 дахь удаагийн "Улаанбаатар цом" Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин өрсөлдөх бөгөөд манай улсаас давуу эрхийнхээ дагуу нийт 40 тамирчин оролцох аж. Гэхдээ тус тэмцээнд манай шилдгүүдээс олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат, ОУХМ Э.Цэндбаатар нараас бусад нь тулалдах гэнэ.
"Улаанбаатар цом" тэмцээн 2000 он хүртэл тасралтгүй 26 жил зохион байгуулагдаад завсарласан бөгөөд өнгөрсөн жилээс эргэн зохион байгуулж байгаа. Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцлов. Тэмцээний өдрүүдэд 12,13,14 цагуудаас Спортын төв ордны гадаа талбайгаас Хандгайт "Их Тамир" спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдэг ширэн бээлийтэнүүдийн тулаан өрнөх аж.