Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестийн дараа ордог ч эрсдэлтэй гэдгээрээ дэлхийн хамгийн аюултайд тооцогддог К2 уулын оргилд гарахаар хилийн чанадыг зорьсон байна.
“Алуурчин уул” гэгддэг К2 оргил /Каракарум/ нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. Энэ жилийн хувьд К2-ын оргилд нэг ч хүн гарч чадаагүй байгаа. Дэлхийн хамгийн эрсдэлтэй, хүнд замтай энэ оргилыг гурав, дөрвөн жил дараалан зорьж очоод, гарч чадаагүй уулчид олон.
Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болж байна. Өмнө нь 2013 оны долдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедици болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлээс болж буцаж ирсэн байдаг аж.