Залуучуудын Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Ингэснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 1981 онд Энэтхэгийн Хисарт болсон тэмцээнээс гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 65 кг-д, Лувсангийн Энхбаяр 70 кг-д, ОУХМ Санжжавын Сүхбаатар 81 кг-д, 2005 онд БНСУ-ын Чэжүд ОУХМ Цагаанбаатарын Оюунболд 55, 2007 онд Филиппиний нийслэл Манилад ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар 50 кг-ын жинд аваргалж байв.
Н.Насанбуянгийн хүч үзсэн эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд долоон бөх барилдсан бөгөөд манай бөх шууд хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор ялсан. Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанаа 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновтой хийж 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл (1)