Засгийн газрын энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг гэрээний үнээс тооцож авах тухай” болон “Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах тухай Засгийн газрын шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэн батлуулжээ.
Ингэснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ тонн тутамд 1500 төгрөг байсныг 500 болгон бууруулжээ. Энэ нь улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэж татварын суурь тэлнэ гэдгийг УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг хэллээ.
Тэрбээр, “АМНАТ-ыг гэрээний үнээс тооцсноор нүүрсний уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэх боломж бүрдэнэ. Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулсан нүүрснийхээ худалдааны гэрээ болон бусад холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлээгүй, буруу мэдээлсэн тохиолдолд АМНАТ-ийг өмнөх төлбөрөөр нь тооцно” хэмээв.
Сэтгэгдэл (1)