Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Орон сууцны үнийн индекс 5.5 хувьтай гарсан гэдгийг Монголбанкнаас мэдээлээ.
Түүнчлэн энэ нь өмнөх сараас -1.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -11.3 хувь, өмнөх 2014 оны арванхоёрдугаар сарын өмнөхтэй харьцуулахад -11.3 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны үнийн индекс 19.1 хувьтай байна. Энэ нь өмнөх сараас -0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.1 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сарын үзүүлэлтээс доошоо орж -1.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар, оны эхэн үеэс -15.2, өнгөрсөн оны мөн үеэс -15.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Энэхүү тооцоололд өнгөрсөн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5153 орон сууцны мэдээллийг хамруулжээ.
Орон сууцны үнийн индексийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн тооцох болсон бөгөөд орон сууцны үнэ 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарч байжээ. Харин 2014 оны сүүлчээс орон сууцны үнэ эрчимтэй буурах болсныг судлаачид онцолжээ. Жишээ болгон Баянгол дүүргийн “Алтай” хотхоны шинэ орон сууцны үнийг хавсаргасан байна. Тодруулбал, тус хотхонд 2014 оны арванхоёрдугаар сард орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 1.917.000 төгрөг байсан бол жилийн дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1.705.000 төгрөг болж буурчээ.
Энэ нь тус хотхоны орон сууц нэг жилийн дотор 11.1 хувиар хямдарч, тэр хэрээр иргэд өмнөхөөс хямдхан байр худалдан авах боломж нээгдсэн гэсэн үг юм. Шинэ оны босгон дээр нийслэл хотод шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ нь 2,050,000 төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байр, орон сууц хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байгаа юм.
Нөгөөтэйгүүр орон сууцны ипотекийн зээлийн хүү 8 хувиас 5 хувь болж буурахтай холбоотойгоор орон сууцны үнэ өссөн асуудал байхгүй гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байлаа. Цаашид орон сууцны үнэ энэ хэвээр тогтвортой буурах хандлага ажиглагдаж байгааг судалгааны дүнгээс харж болохоор байгаа аж.
Сэтгэгдэл (1)