Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал өнөөдөр боллоо.
Монголын Хөрөнгийн бирж “Монгол шуудан” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг иргэд олон нийтэд нээлттэй санал болгон арилжин, тус компанийн хувьчлалыг амжилттай явуулав.
Тус компани нэмэлт хувьцаа гарган, хөрөнгө татан төвлөрүүлснээр авто замын логистикийн үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн чадавхаа нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэн бүрийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх юм.
Ийнхүү олон нийтэд санал болгосон “Монгол шуудан” ХК-ийн нэгж бүр нь 185 төгрөгийн доод үнэ бүхий 33,859,363 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2015 оны 12-р сарын 28-наас 2016 оны 1 сарын 6-ны хооронд явагдаж, нийтдээ 6.3 тэрбум төгрөгийн хувьцаа олон нийтэд ил болсон ч 2 дахин их буюу 12.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааны захиалга ирсэн нь олон нийт төрийн өмчийн компанийн хувьчлалд оролцож, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол, боломж их байгааг харуулж байна.
Энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цан цохиж нээж үг хэллээ.
Тэрбээр “Бид өнөөдөр шинэ үйл явдлын гэрч болж байна. Булган сүүлтэй байж араасаа олон олон компанийн хөгжил, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг Монголын Хөрөнгийн Бирж татах болтугай. "Монгол шуудан"-гийн 34 хувийг хувьчилснаар ажил дуусаагүй. Цаашдаа хувьчлах олон компани байгаа. Бид өнгөрсөн онд хамтдаа Лондон, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр очиж цан цохих үйл ажиллагаанд оролцож байсан. Зөвхөн олон улсын санхүүгийн том төвүүдээс гадна Монгол Улсын Улаанбаатар хотынхоо төвд 2016 оныхоо хамгийн анхны арилжааг хийж байгаадаа сэтгэл их хөдөлж байна” хэмээв.
Мөн Санхүүгийн Зохицуулах хорооны дарга З.Нарантуяа “Манай нийт хувьцааны арилжаа өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцуулбал 1.3 дахин өссөн гэдэг сайхан мэдээ байна.Мөн Засгийн газрын бондын хэмжээ 13.4 хувиар өссөн байна. Сүүлийн таван жилд зогссон байсан компанийн бонд анх удаа амжилттай арилжаалагдлаа.
Өнөөдөр шинэ оныхоо эхэнд бид хөрөнгийн биржээр дамжиж арилжаалагдах 8 компанийн анхных болох “Монгол шуудан” ХК олон түмэнд нээлттэй хувьцаагаа арилжаалах болж захиалгаа авсан. Энэ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны хувьд бахархалтай үйл явдал болж байна. Цаана нь дахиад таван эрчим хүч, хоёр уул уурхайн компани хувьчлагдахаар хүлээж байна” гэв.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал М.Болор: “Монгол шуудан” ХК хувьчлагдан, хувьцааны 34 хувийг иргэд олон нийтэд нээлттэй санал болгон арилжиж, тус компанийн хувьчлалыг амжилттай явууллаа.
Төрийн өмчит компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлагдсанаар, иргэн бүр төрийн өмчийн хувьчлалд эрх тэгш оролцож, өгөөж хүртэх боломжийг бий болгож буй нь хөрөнгийн зах зээлийн онцлог, давуу тал болж байгаа юм. Бид хувьцааг шударга, хүртээмжтэй байдлаар арилжаалахад анхаарч ажилласан. Цаашдаа манай байгууллагын үйл ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна” гэв.
Андеррайтерийн компанийн зүгээс хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэх үүднээс 10 мянган ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдыг жижиг хөрөнгө оруулагчид гэж үзжээ. Тэдний захиалгыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлсэн байна. Ингэснээр захиалга өгсөн бүх иргэд хувьцаа эзэмшиж чаджээ. Энэ нь биржээр дамжин хувьчлагдах гэж буй компаниудад жижиг болов.