Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байна. Ингэснээр иргэд, худалдан авагч нэг бүрт НӨАТ хамаатай болж байна. Тодруулбал, иргэн та худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрээсээ хоёр хувийн буцаан олголтыг авна гэсэн үг. Ингэж иргэд НӨАТ-ын буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэгбүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой юм байна. Тэрхүү сугалаа нь нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгаажих юм.
Тэгэхээр иргэн та бүхэн ирэх оноос худалдан авсан бараа бүртээ талон авах шаардлагатай болж байна. Тэрхүү талон дээрх тусгай дугаарыг ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Мэдээж, хамгийн эхлээд та дээрх сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Эсвэл дараагийн оны эхэнд ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд явагдана. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ.
Энэ талаар өнөөдөр Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв, НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн ажилтнууд дэлгэрэнгүй тайлбар өглөө.
- Иргэд худалдан авалтынхаа НӨАТ-ыг авах шинэ тогтолцоонд шилжих нь ээ. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хэр хангаж байна?
- НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болголоо. Ингэснээр бүх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт хэвлэх боломж бүрдэж буй юм. Иргэн "ebarimt.mn" цахим хуудсаар орж бүртгүүлэн НӨАТ-ын 2 хувийг авах эрхээ үүсгэнэ. Ингэснээр худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломж бүрдэнэ. Мөн хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая болгож тогтоосон. Өөрөөр хэлбэл жилийн орлого нь 50 саяд хүрсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын суутган төлөгч гэсэн томъёололд багтах юм. Ингэснээр тэд иргэдээс авсан НӨАТ-ыг нэгтгэн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн аж ахуйн нэгжийг НӨАТ суутгагч мөн эсэхийг үл харгалзан албан ёсны татвараас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлага тавьж байгаа. Тухайн төлбөрийн баримт дээр нь сугалааны дугаар, НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг тусгасан. Хоёр хувийн буцаалтыг НӨАТ суутгагчаас баримт авсан үед олгоно. Мөн сугалаанд НӨАТ суутгагчаас авсан бүх баримтыг баталгаажуулснаар оролцох эрх нээгдэнэ.
-Энэхүү хууль хэрэгжсэнээр иргэдэд ээлтэй харагдаж байгаа ч давхар НӨАТ төлөгч аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, НӨАТ төлөгч биш, зах хязгаарын жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудын орлого буурах хандлага гарах юм биш үү?
Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв: -НӨАТ-ын тухай хуулинд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг, кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болдог. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай юм. Үйлчлүүлж буй аж ахуйн нэгж чинь НӨАТ төлөгч биш байлаа ч төлбөрийн баримтыг заавал нэхэж авах ёстой. Ингэж байж л төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломж нээгдэнэ. Мөн сугалаанд оролцох эрх нээгдэнэ.
-Арилжааны банкаар үйлчлүүлэхэд баталгаажсан баримт өгөх ёстой юу. Байр орон сууцны зээл болон бусад зээлийн төлбөр буцаан олголтод хамаарах уу?
-Арилжааны банкны гүйлгээ, зээлийн төлбөр хуулиараа НӨАТ-т хамрагддаггүй. Тиймээс банкнаас авсан зээл, түүний хүү зэрэг нь НӨАТ-ын буцаан олголтод хамаарахгүй.
-Баримтаа гээж үрэгдүүлээд өөр хүн бүртгүүлсэн бол хэрхэх вэ?
-Тухайн баримтыг нэгдсэн системд хэн бүртгүүлсэн тэр хүнд л хамаарах учир баримтаа гээж үрэгдүүлэхгүй хямгадах үүрэг иргэн хүнд ногдож байгаа.
-Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?
-Хамааралгүй яахав. Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна л гэсэн үг.
-2017 оноос буцаан олголт эхлэхээр нэг иргэн, нэг өрх хэдий хэрийн НӨАТ-ын буцаан олголт авах тооцоо гарсан бэ. Энэ системийг нэвтрүүлснээр төсөвт ачаалал үүсэх үү?
-Нэг гэр бүл 1,8 сая төгрөгийн орлоготой гэр байна гэж дундажлан тооцвол тухайн гэр бүлийн жилийн орлого 22 сая төгрөг болох юм. Тэрхүү мөнгөө хадгаламжид хийхгүй бол тэр мөнгө бүхэлдээ л худалдан авалтад зарцуулагддаг гэсэн үг. Энэ мөнгөний хоёр хувийг буцаан авна гэвэл 440 мянган төгрөг болно.
-НӨАТ төлөгчийн тоо нэмэгдсэн үү. Энэ систем нэвтэрснээр аж ахуйн нэгжийн худалдан борлуулалт ил тод биш байгаа. Түүнийг ил болгоход энэ систем гол нөлөөтэй гэж ойлгож болох уу?
-Өнөөдөр Монгол Улсын далд эдийн засг 30 хувьтай байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт татварын газарт бүрэн бүртгэгдэхгүй байна л гэсэн үг. Харин энэхүү систем нэвтэрснээр аж ахуйн нэгжийн борлуулалт ил тод болно. Борлуулалт нь 50 сая төгрөг хүрчих юм бол хуулийн дагуу НӨАТ төлөгч болох юм. Дээр нь анхааруулж хэлэхэд НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэд төлбөрийн баримтаа заавал авч байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь нээлттэй юм. Тиймээс үйлчилгээ бүрээс баримт авах ёстой юм шүү гэдгийг л дахин тодотгоё.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)