Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлнэ.
Уг урамшууллын системийг нэвтрүүлэхтэй холбоотой технологийн бэлтгэл байдлыг хангах тухай мэдээлэл хийх уулзалт зөвлөгөөн өнөөдөр боллоо.
МҮХАҮТ-д зохион байгуулагдсан уг уулзалт зөвлөгөөнд УИХ болон Засгийн газрын төлөөллүүд, Сангийн яам, Татварын Ерөнхий Газар, Үндэсний статистикийн хороо, Стандартчилал хэмжилзүйн газрын төлөөллүүд болон Монгол Улсын тэргүүлэх 34 аж ахуйн нэгжийн удирдлагууд, хэрэглэгчийн систем нийлүүлэгчид оролцсон юм.
Уулзалтын эхэнд Сангийн сайдын зөвлөх С.Пүрэв “Төрөөс татварын системийг боловсронгуй болгохтой холбоотой бодлогын танилцуулгыг хийсэн бол Татварын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсан “Төрөөс татварын системийг боловсронгуй болгох талаар баримталж буй бодлогыг танилцуулсан. Мөн МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэл нь А.А.Н компаниудад маркетингийн ямар боломжуудыг олгож байгаа тухай танилцуулгыг хийсэн. Түүнчлэн төслийн удирдагч Р.Отгонтулга “НӨАТ-ын урамшууллын системийг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой технологийн тухай танилцуулга”-ыг тус тус хийсэн.
Үүний дараа уулзалт зөвлөгөөнд оролцогсод хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж, тулгамдсан асуудал зэргийг хэлэлцэн ярилцлаа.
Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн дагуу иргэд өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрт багтдаг нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ-ын/ 20 хүртэл хувийг буцаан олгох урамшууллын системийг ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нэгдсэн нэг стандарттай, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэдэг болсноор иргэд НӨАТ-ийн урамшуулал болон үндэсний сугалаанд оролцох таатай нөхцөл бүрдэх аж.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдох шаардлагатай бөгөөд 2016 оноос өмнө холболтоо хийж, баталгаажуулах шаардлагатай гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.
Цаашид уулзалтыг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг ирэх онд амжилттай хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Б.Энхжин
Сэтгэгдэл (1)