Төр засгаас тодорхой мэргэжлүүдэд улсаас дэмжлэг үзүүлж, олон жил салбартаа ажилласан ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулахаар хуульд тусгасан. Үүнд ямар мэргэжил хамрагдаж байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэлээ.
Цэцэрлэг, Сургууль, МСҮТ-д 15жил тасралтгүй ажилласан багш нарын хүүхэд хамаарна
Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцна гэж заасан. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 13.3.6 дахь заалтаар төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар хуульд тусгасан байдаг.
Засгийн газрын хуралдаанаар /2024.03.06/ дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” зэрэг журмуудыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
ТҮК-ийн ажилтны нэг хүүхдийг гадаадад суралцуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн жил /2024.04.22/ Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг нэмэхийн зэрэгцээ хүүхдүүдийг нь гадаад улсад үнэ төлбөргүй сургахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Мөн тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадаад улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг хэлж байв.
Малчин айлын нэг хүүхэд ирэх намраас үнэ төлбөргүй суралцаж эхэлнэ
Малчны тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Энэ хуульд малчнаар 10-аас доошгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал ахуйн тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулна гэж тусгасан байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурал дээр мэдээлэл өгөхдөө "Малчны тухай хуулийн энэ заалт хэрэгжинэ. Малчны нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах санхүүжилт БЗС-гийн төсөвт тусгагдсан. Энэ намрын элсэлтээр боломжийг нь хангаж, 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжинэ" гэсэн юм.
Б.Сарнай