УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Хэлэлцээрийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз хэнд хамаарагддаг юм бэ. Гурвалсан гэрээгээр Эрдэнэс Тавантолгой компанийн 40 хувь гэж ойлгоод байгаа хоёр толгойг Хятадын төрийн өмчит “Чайна энержи”-д шилжүүлэх юм байна гэж ойлголоо зөв үү. Хятадын төрийн өмчит компани нь нүүрсийг өөрөө олборлоод өөрөө төмөр замаар тээвэрлээд ашиглаад явна гэж ойлгосон зөв үү. Нэг компани эхнээс нь дуустал хийх нь зөв үү, судалгаа хийсэн үү. Аль болох сайжруулж л байвал сайн байна.
Хувийн хэвшлүүдээ буруутгаад ийм ойлголтыг нийгэмд суулгаж болохгүй. Буруутай бол төр засаг л буруутай, компани буруугүй шүү. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчраагүй бол ковидын үеийг даваа ч үү. Тэрбум долларын борлуулалт хийсэн, олон улсын зах зээл дээр гарсан компани бий болж байна, ингэж ажиллах ёстой. УИХ Засгийн газар дэмжиж байх ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-2014 оны ярьж байсан гэрээнээсээ юугаараа ялгаатай вэ гэж. Таны хэлдэг үнэн, өргөн нарийн цариг хил холбох зорилгоор харилцан хил давж болно гэж. Ийм агуулга дээр тохиролцож зөвшилцөж чадсанаар өргөн нарийн царигтай холбоотой маргаан эцэслэгдэж, бусад боомтууд дээр ч энэ агуулгаар явна гэж тохирсон.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз тус компани дээрээ л байна. Төмөр зам тавьчихвал олборлох нүүрсний тогтвортой байдлыг Монголын тал хангана.
Юутай ч бид том мэтгэлцээний ард Монгол Улсын парламент, улстөрчид гурав дахь хөрштэйгээ, хөрш оронтойгоо нэгдсэн ойлолголцод хүрч чадсан сайн жишээ болж байгаа. Цаашдаа Шивээхүрэн болон бусад боомтууд гурван улсын эдийн засгийн төмөр замын коридор болсон төслүүдээ хурдтай явуулахын төлөө Засгийн газар бүх чадлаараа хичээж ажиллана.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн үг хэлэв. Тэрбээр "Санал хураалтыг дэмжиж өгөхийг хүсээд, өмнөх цаг хугацаанд талархаж байгаагаа хэлье.
Монгол Улсын эрх ашиг.
Урт хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлэлцээрт орж ажилласан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлэхийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид, үе үеийн Аюулгүйн зөвлөлийн гишүүд, УИХ-ын дарга болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-д суудалтай намууд, ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Маш олон талаас нь шүүн ярилцсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг илүү их мэдээлэлтэй болж чадсан байна. Чадах бүх талаараа УИХ, Засгийн газар хичээсэн, зөвшилцсөн, ийм хэлэлцээр болж чадаж байна. Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ажиллая гэсэн 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн эдийн засгийн хувьд хамгийн чухал төсөл” хэмээсэн юм.
Б.Сарнай