УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хоёр улсын Засгийн газрын хооронд төрийн дээд түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хэлэлцээрт аливаа гуравдагч талын оролцоогүй хэрэгжүүлэх гэсэн заалтыг тусгасан. Тэгэхээр хоёр Засгийн газар хоорондоо дундын зуучлалгүйгээр хэрэгцүүлнэ. Мөн Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж тодорхой заасан. Түүнчлэн Чайна Энержи группын зүгээс Тавантолгойн ордод лиценз, хувь эзэмших зэрэг саналыг тавихгүй гэж протоколд тусгасан.
2025, 2026, 2027 онд тус бүр 5 сая тонн, 2028, 2029 онд тус бүр 6 сая тонн, 2030 оноос 20 сая тоннд хүргэж олборлох нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг оруулж өгсөн.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахиж үүсгэхгүйг бататгахаар оруулж өгсөн. Бүтээн байгуулалттай холбоотой алдагдал, хохирол, хөрөнгө оруулалтыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байхаар тодорхой зааж өгсөн" гэлээ.
Сэтгэгдэл (2)