“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцож буй "Gigil" брэндийн үүсгэн байгуулагч З.Түшигбаяртай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Gigil" брэнд хэд дэх жилдээ сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцож байна вэ? Үйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байна вэ?
-Манай брэнд анх удаа үзэсгэлэн худалдаанд оролцож байна. 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхлээд сүүлийн дөрвөн жил үндэсний дээл хийж байгаа.
-Ихэвчлэн залгаа мөргүй дээлнүүд харагдлаа. Энэ дээлний онцлог нь юу вэ?
-Тийм ээ. Манайх биед эвтэйхэн энгийн монгол эсгүүрээр, залгаа мөргүй дээл хийж байгаагаараа онцлогтой.
Залгаа мөргүй дээл нь мөр хэсэгтээ оёдолгүй учир өмсөхөд биед эвтэйхэн байдаг.
Мөн нэг загварын дээлээ цөөн тоогоор гаргадаг учраас массын дээл гэж гардаггүй нь давуу тал болдог.
-Дээлээ өөрсдөө урладаг уу? Нэг дээл хийхэд хэр хугацааг зарцуулж байна вэ?
-Манай эгч оёдог. Эгч маань Өвөрмонголд дээл хийж байгаад ирсэн туршлагатай оёдолчин бий. Нэг дээлэнд бүтэн нэг өдрийг зарцуулдаг.
-Жил бүр дээлний загвар шинэчлэгдэж байдаг шүү дээ. Энэ жил хүмүүс ямар загварын дээлийг их сонирхож байна вэ?
-Нэг үе дан загварын дээлийг хүмүүс их өмссөн. Харин энэ жилээс энгийн уламжлалт дээлийг их сонирхож байна.
Тиймдээ ч энэ жилийн трендээр энгийн уламжлалт дээлийг нэрлэхээр байна.
-Худалдан авагч нар хэр байна вэ?
-Үзэсгэлэн худалдаанд худалдан авагч нар их байна. Цагаан сар болох дөхсөн болохоор хүмүүс нааш цааш их явж байна. Худалдан авагч нар дээлний хувьд мөргүй, энгийн эсгүүртэй байгаа нь биед тухтай байгаа талаар хэлж байна.
-"Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд оролцохын давуу талыг юу гэж харж байна вэ?
-Нийслэлээс бизнес эрхлэгчдэд талбайгаа үнэ төлбөргүй ашиглуулж байгаа нь санхүүгийн хувьд их том боломж байлаа. Мөн брэндээ сурталчилах гээд давуу тал ихтэй юм.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа