Зул сарын баярын шөнө АНУ-ын Аризонагийн "Финикс Скай Харбор"-ын олон улсын нисэх онгоцны буудалд гэр бүлийн маргааны үеэр гурван хүн буудуулж, нэг хүн хутгалуулсан хэрэг гарчээ.
Энэ хэрэг онгоцын буудал доторх ресторанд болсон бөгөөд холбогдох албаныхан бууны шархтай гурван хүнийг олсон гэж Финикс хотын цагдаагийн ахлагч Майра Рисон пүрэв гарагийн эхээр сэтгүүлчдэд мэдэгдэв.
Хэрэгт холбогдуулан насанд хүрээгүй эмэгтэй, эрэгтэй хоёрыг зогсоол дээр саатуулжээ. Тэд тус бүр нэг хутганы шархтай байсан гэнэ.
Хохирогч дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Буудуулсан нэг эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа бол бууны шархтай хоёр эрэгтэй болон хутгалуулсан хохирогчийн биеийн байдал тогтвортой байгаа ажээ.
Хэрэг явдал гарсны дараа онгоцны буудлын орчимд буутай этгээд байж болзошгүй гэх анхааруулга мэдээг сонссон өөр нэгэн хүн буу агсан иржээ. Түүнийг ч бас цагдаа нар саатуулсан байна.
Л.Баяр