Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг тус иргэд эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү тус боомтыг нээхийг эсэргүүцэж буй 20 000 хүний гарын үсэг цуглуулсан талаараа дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаасаа авч үзэх нь байгаль орчноо сүйтгэх, устгах аюулд оруулж буйг тайлбарлав. Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөллийн зүгээс Нарансэвстэйн боомтын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг эхлүүлснээр нэн ховор, ховор амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, говийн эмзэг хөрс хөндөгдснөөр шар шороон шуурга нэмэгдэнэ.
Түүнчлэн, нэн эмзэг говийн экосистемд гүний ус ашиглан зам байгуулах нь булаг шанд, баян бүрд ширгэх аюултай талаар тэд ярьлаа. УИХ-ын даргын зүгээс төр аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаж, тэдний санаа бодлыг заавал тусган ажиллах ёстойг тодотгоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо болон бусад холбогдох яамдууд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.
Ингэснээр байгаль орчны олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн санаа бодлыг тусган байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох цогц үнэлгээ, судалгаанд үндэслэж Нарансэвстэйн боомт нээх эсэх асуудлыг ярих ёстой гэдгийг онцлов.
Өөрөөр хэлбэл төр иргэнээ сонсдог, тэдний эрхийг хангадаг байх ёстой. Тиймээс иргэд, олон нийтийн төлөөлөлгүйгээр уг асуудлыг яаралтай хэлэлцэх ямар ч боломжгүй гэлээ.