“Харанга”
хамтлагийн “хар азарга” Х.Лхагвасүрэнг гавьяат мөн, биш хэмээн
маргалдаж байхыг би олонтоо сонссон. Аргагүй шүү дээ. 20 гаруй жил
урлагт зүтгэхдээ хэдэн арван гайхамшигт бүтээлээрээ монгол түмний сэтгэл
зүрхийг уярааж бас хөглөж ирсэн хүн дөнгөж СТА цолтой гэхэд итгэх хүн
олддоггүй байсных биз. Дээрх маргаан өчигдрөөр таслагдсан бөгөөд
Монголын ард түмэн энэхүү цолыг хүртэх ёстой эзэндээ очсонд туйлын
баяртай байгаа юм. Ингээд будаг нь ханхалсан шинэхэн гавьяат
Х.Лхагвасүрэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Хатанбаатарын Лхагвасүрэн 1966 оны 12 сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн.
2. Тэрээр зургаан хүүхэдтэй айлын том.
3. Түүний аав бол ая зохиогч, СТА, “Андууд” хамтлагийг анхлан байгуулсан Р.Хатанбаатар.
4. Лхагваа аавдаа “элэггүй”. Хэвлэлийнхэн түүнийг аавтайгаа уулздаггүй гэж шүүдэг ч Лхагваа өдийг хүртэл энэ талаар ам нээж байгаагүй юм.
5. Тэрбээр таван настайдаа үлээвэр хөгжимтэй дуулж, тавдугаар ангиасаа бөмбөр тоглосон.
6. 1983 онд Цэргийн хөгжимд орж, тэндээ нарийн бүрээ тоглодог байжээ.
7. Хөгжимчин залуу 1989 онд хэдийнээ байгуулагдчихсан байсан Харанга хамтлагийн гоцлол дуучин болсон.
8. Тэрээр хамтлагт анх орохдоо бүх насаараа хамт дуулах амлалт өгчээ.
9. Түүний оролцсон хамгийн анхны тоглолт бол “Амьдрал”.
10. Урлагийнхан дундаа “танхай” нэр зүүгээд байсан Х.Лхагвасүрэн 2007 онд хар тамхины хэргээр 7 жилийн ял авсан юм.
11. “Аав”-ынд байхдаа Лхагваагийн хийсэн зүйл нь “амрах”. Тэр түр зуур олны цавчих нүднээс далд байж ном уншиж, дуу зохиож, найзалж, нөхөрлөж байв.
12. Тэрбээр хорих 409-р ангид хоригдож байхдаа таван гишүүнтэй “Тоосго” гэх хамтлагийг байгуулж “Авдрант”, “Луусан” гэж хүмүүсийн нэрлэдэг чанга дэглэмтэй хорих ангиудад тоглолт хийж байсан. “Тоосго” хамтлаг урын сандаа 14 дуутай.
13. Түүнийг 2009 оны 6-р сард Н.Энхбаяр МУ-ын ерөнхийлөгч байхдаа Өршөөлийн хуулиар сулласан.
14. Лхагваа хар нүдний шилнээс салдаггүй нь түүний хараа муутай холбоотой. Тэрээр залуудаа толгойдоо хүнд гэмтэл авч байсан бөгөөд тэр үеэс л түүний хараа муудаж эхэлжээ.
15. Тэрээр суллагдаад удаагүй байхдаа Эрдэнэт хотод машинаараа хүн мөргөсөн. Үүнийг “нүдний хараа нь муу, харанхуй байсан”, “мөргүүлсэн хүн нь согтуу байсан” гэх тайлбарууд дагалдсан юм.
16. Лхагваа гурван эхнэр, нэг охин, нэг хүүтэй. Бүжигчин Сугармаа, загвар өмсөгч Маралмаа. Хамгийн сүүлд дунд сургуулийн англи хэлний багш Ганбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болсон.
17. Том хүү Л.Мандах нь “Оддын эрэлд” шоунд оролцож байсан. Аавыгаа дуурайж дуулахыг хүсдэггүй хүүдээ Лхагваа "сонсголтой юм байна" хэмээн урам өгч байжээ.
18. Лхагвааг шоронд байхад нь эргэж тойрсоор эхнэр нь болсон Ганбаяр бүсгүй өнгөрсөн жил түүнд хүү төрүүлж өгсөн юм. Лхагваа хүүгээ Хүлэг хэмээн нэрийдсэн.
19. Тэрээр дууны шүлэг бичдэг.
20. “Харанга” хамтлагийн ердөө л таван цомог бий. /тус тусын цомгийг эс тооцвол/. Харин хамтлагаараа арав гаруй том тоглолт хийснээс гадна хамтлагийн гишүүд тус бүр бие даасан тоглолтоо хийсэн.
21. Түүний анхны бие даасан тоглолт нь 2011 онд хийсэн “Нарыг хайрла”. Энэ нь түүний урлагаар амьдарсан 40 жилийн анхны бие даасан тоглолт байсан юм. Тэрээр хамгийн сүүлд “Монгол ээж” бие даасан тоглолтоо хийсэн.
22. “Харанга” хамтлаг Ц.Энхманлай, Х.Лхагвасүрэн гэсэн хоёр бөөтэй. Лхагваагийн энгэрт байнга зүүлттэй байдаг эрх нь зүгээр ч нэг “ганган гархи” биш гэнэ.
23. Лхагваа дуучин Т.Ариунаа хоёр худууд. Т.Ариунаагийн үеэл дуучин Оюунбилэг Х.Лхагвасүрэнгийн төрсөн дүүтэй гэр бүл болсон юм.
24. Хамгийн сүүлд буюу өчигдөр тэрээр МУГЖ тэмдэг хүртэхээр болсон. Тэрээр ирэх баасан гарагт төрийн ордноо МУГЖ цолоо гардан авна.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)