Монгол Улсын Их Сургууль 14 салбар сургуулиа нэгтгэж дөрөвхөн
болгох шийдвэр гаргасан. Энэ бол бүтцийн хувьд маш том шилжилт хийгдэнэ
гэсэн үг. Хэдийгээр “олон улсын жишигт нийцүүлж” гэж тайлбарласан гадны
ч, дотоодын ч практикт байгаагүй этгээд шинэчлэл юм.
Өнөөдөр
тус сургууль бүх төгсөгч оюутнаа дунджаар 400 орчим мянган төгрөгийн
өрөнд унагаж, төлөхгүй бол диплом олгохгүй гэж дарамталж байна.
Харамсалтай нь ийм өртэй гэдгээ ихэнх оюутнууд мэдээгүй байгаа. Тийм
өртэй болохыг нь тэдэнд хэлээгүй учраас.
Үнэндээ энэ
сургуулийн эх захгүй, эмх замбараагүй шинэчлэл өнөөдөр гэнэт бий болсон
зүйл биш. Дөрвөн жилийн өмнө МУИС-ийн хичээлийн хөтөлбөрт “СиСи” гэх
цахим систем нэвтэрч сурлагын дэвтэр (книшик)-ийг хэрэглээнээс хассан
юм. Харин хоёр жилийн өмнөөс оюутнууд уг системийн тусламжтайгаар
судлах хичээлээ өөрсдөө сонгох боломжтой болсон. Гэхдээ энэ нь тийм ч
боловсронгуй бус. Оюутан өөрийнхөө хүссэн хичээлийг сонгох, судлах
боломж тун хомс. Үүнээс өмнө сургалтын хөтөлбөрийг салбар сургуулиудын
сургалтын алба дур мэдэн баталдаг байлаа.
Тэгвэл
сургуулийн захиргаа шинэ системийнхээ тусламжтай оюутнуудаасаа мөнгө
“салгах” уран арга сэдэж олжээ. Ямар учиртай вэ гэвэл хуучин системийн
үед оюутны дөрвөн жилд үзэх хичээлийн нийт багц цаг (кредит)-ийг тооцож
түүнийгээ жил бүр хуваан төлдөг байв. Харин “Сиси” системээр оюутан
тухайн улиралд судалж буй хичээлийнхээ л төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.
Тиймээс хуучин системийн үед олон багц цаг судалсан бол шинэ системийн
үед судлах хичээл багасч бага төлбөр төлдөг болж. Иймд үүнээс үүссэн
зөрүүгээ л тус сургууль нэхэж байгаа нь энэ аж.
Энэ нь
хэдийгээр зүй ёсны санагдаж байгаа ч гол асуудал үүнд биш юм. МУИС-ийн
оюутан суралцах хугацаандаа 120 багц цаг судалсан бол төгсөх боломжтой.
Гэтэл хуучин системд оюутан хичээлээ өөрөө сонгох боломжгүй байсан учир
сургалтын алба тэдний хүсээгүй, зохих ёсноос хэтийдсэн их хичээлийг
хүчээр судлуулж байжээ. Өнөөдөр дөрөвдүгээр ангийн оюутнууд 130 болон
түүнээс олон багц цаг элбэг цуглуулсан. Түүнээс тал илүү хувийг нь
хуучин системээр буюу 1-2 дугаар ангидаа цуглуулсан байх юм.
МУИС-ийг
жил бүр дунджаар 4000 оюутан бакалаврын зэрэг хамгаалан төгсдөг. Тэгвэл
энэ жил төлбөрийн зөрүүнд оюутнууд нийтдээ 1 тэрбум 600 сая төгрөг
төлөх ёстой болж таарч байна. Энэ мөнгийг юунд зарцуулах, яаж ашиглах нь
цаашлаад оюутнуудын сурах боломж, бололцоог хангахад хэрхэн нөлөөлөх нь
тодорхойгүй. Өмнөх жилийн төгсөлтийн хувьд гурван жил хуучин системээр
сурсан учир нэгэн ангиас төлбөрийн зөрүүнд 700,000 орчим төгрөг авсан
мэдээ байна. Үүнийг дундаж гэж үзэн нийт дүнг тооцвол ойролцоогоор 2
тэрбум 800 мянган төгрөг болно. Энэ мөнгийг сургууль хөгжлийн сандаа
байршуулсан гэж мэдэгдэж байгаа. Хөгжлийн санд хуримтлагдсан мөнгө
МУИС-ийг хэрхэн хөгжүүлсэнг оюутнууд нь мэдэхгүй, олж харахгүй байгаагаа
илэрхийлж, бухимдалтай байна.
Оюутнуудын сургалтын
төлбөр тухайн жилийнхээ төсөвт шингэх ёстой байдаг. Одоо нэхэж байгаа
энэ мөнгө нь үндсэндээ хоёр жилийн өмнө сургуулийн төсөвт орж, эргээд
оюутнууддаа зориулагдах ёстой байсан юм. Өөр хоорондоо уялдаагүй энэ
хоёр системээс болж оюутнууд яагаад хохирох ёстой гэж. Хуучин системийн
алдаа дутагдал яагаад хуучин системтэйгээ дуусах ёсгүй гэж. Үгүй ядаж л
хүсээгүй илүү судалсан 10, 20 багц цагийн төлбөрийг яах болж байна.
Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой юм.
Ц.Сайхан
Сэтгэгдэл (75)