Өнөөдөр мөрөөдлөө биелүүлж, үндэсний бөхийн ноён оргилд хүрсэн Н.Батсуурийн "Дархан аварга" цолны мялаалга наадам болох өдөр. Тийм ч учраас та бүхэнд түүнийг онцолж байна.
1987 оны наймдугаар сарын 11-нд Увс аймгийн Ховд суманд Улсын харцага Гэлэгийн Намсрайжавынд хүү мэндэлжээ. Хүүдээ Засагт хан аймгийн алдарт дархан аварга Шаравын Батсуурийн нэрийг хайрласан түүхтэй. Билэгшээлээр болж хүү нь улсынхаа баяр наадамд дөрвөн удаа түрүүлж "Дархан аварга" болох тавилантай байжээ.
Н.Батсуурь аваргын өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпын хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл хоёр талдаа бөхийн удамтай.
Амжилтаа өдөр, өдрөөр ахиулсан нь
2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж, "Аймгийн арслан" цол хүртсэн. 2012 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн түүхтэй.
Тэрбээр улсын наадамд барилдсан жилээ шууд л ХАРЦАГА цолонд хүрсэн юм. 2017 онд л тэр гурвын даваанд унаснаар бусдаар тасралтгүй шөвгөрсөн хүчтэн.
- 2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын арслан П.Бүрэнтөгсөөр дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван "Улсын харцага" цол хүртсэн.
- 2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Оршихоор тав, улсын начин Р.Пүрэвдагваар зургаа, улсын гарьд Д.Рагчаагаар долоо, улсын заан Ч.Санжаадамбаар найм, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж "Улсын арслан" цол хүртсэн.
- 2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.
- 2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадмаар аймгийн заан Д.Буянтаар тав, аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар зургаа, аймгийн заан Д.Бат-Эрдэнээр долоо, улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.
- 2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын начин Д.Амарсайханаар тав, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очироор зургаа, аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоогоор долоо, улсын заан Н.Жаргалбаяраар найм, улсын аварга Ч.Санжаадамбаар 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол хүртсэн.
- 2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаар улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнээр зургаа, улсын аварга С.Мөнхбатаар долоо, улсын гарьд Б.Гончигдамбаар 8 давж үзүүрлэсэн.
- 2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадмаар аймгийн хурц арслан Б.Суманчулуунаар тав, аймгийн арслан Ц.Мөнхбаяраар зургаа, улсын начин Ц.Одбаяраар долоо, улсын харцага М.Бадарчаар 8 давж үзүүрлэсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн.
- 2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Даян аварга" цолыг хүртсэн.
- 2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадмаар аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр тав, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр зургаа, аймгийн арслан Г.Бадрахаар долоо, улсын начин Б.Серикээр 8 давж чимэг нэмсэн.
- 2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадмаар улсын начин Г.Ганжадаар тав, аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор 7 давж чимэг нэмсэн.
- 2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадмаар аймгийн начин Г.Цоггэрэлээр дөрөв, улсын аварга Г.Эрхэмбаяраар тав, улсын заан Б.Пүрэвсайханаар зургаа, аймгийн арслан Т.Сайханжаргалаар долоо, улсын начин Д.Хүдэрбулгаар найм, улсын арслан Б.Орхонбаяраар ес давж түрүүлэн "Дархан аварга" цол хүртсэн.
Н.Батсуурь 2011 оны цагаан сарын барилдааны үеэр одоогийн Дархан аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан нь "нүдээ олсон" байж. Тэр бөхийн сүмо болон жүдо бөхөөр хичээллэж, өөрийн авьяас чадвараа аваргын түвшинд хүргэсэн гэхэд болно.
2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч.
Мөн тэр сонирхогчийн сүмо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальтай гэж байгаа.
Н.Батсуурийг зарим хүмүүс жудаггүй бөх гэлцдэг. Барилдсан бөхөө эвгүй унагаж, допингт ч нэр холбогдож явсан болхоор тэр биз. Харин бөх сонирхогчдын дүгнэснээр тэр бол маш ухаалаг бөх юм. Аль нь ч бай алдаж, онон туулдаг бөхийн амьдралыг гэтлээд үндэсний бөхийн ноён оргилд хүрсэн нь бахдалтай. Түүн шиг улсын баяр наадамд 12 жил барилдахдаа 11 жилд нь шөвгөрч, тогтмол дээгүүр барилдсан бөх өнөө цагт үгүй билээ.
Дархан аварга хэмээх цол нь даян аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлэхэд олгох монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол юм. Цуут аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтаар Монгол бөхийн рекорд амжилтыг тогтоогоод байна. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү авсан амжилтуудыг үзүүлжээ.
2014 онд нэгэн цаг үед "Зургаан залуу заан"-ы нэг нэг явсан Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт уг цолыг нөхөж олгосон түүхтэй. Бөхийн хорхойтнууд өнөө цагт судалгаа хөгжсөн учир шинээр ДАРХАН аварга төрнө гэдэг хэцүү, боломжгүй гэлцдэг байлаа. Эл үгүйсгэлийг тас цохиж, Монгол улсын 10 дахь дархан аварга цолтон Увсын цэнхэр хязгаараас мэндэлж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (24)