ОХУ-д Ива́н Серге́евич Яры́гин гэж тамирчин бий. Чөлөөт бөхийн хүнд жингийн алдарт бөх. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын нэрийн өмнөөс чөлөөт бөхийн 100 кг-ын жинд барилдахдаа тэрбээр 1972 оны Мюнхен, 1976 оны Монреалийн олимп, 1973 оны Тегераны дэлхийн аварга, Европийн гурав, дэлхийн цомын тэмцээний таван удаагийн аварга болж тухайн цаг үедээ үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэж явсан нэгэн. Түүний тухай “Хүдэр том биетэй ч бусдын хайр хүндэтгэлийг эрхгүй татсан инээмсэглэлтэй Ярыгин үзүүштэй гоё барилдаан, уран мэх, ялах асар их тэмүүллээрээ бусдаас ялгардаг онцгой бөх байсан” хэмээн ОХУ-ын хэвлэлд нэгэнтээ бичиж байсан удаатай. Хожим домог болсон бөхөө оросууд шинэ залуу үедээ таниулах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, эргэн дурсах зорилгоор нутагтаа нэгэн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн нь И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри”. 2016 онд зохион байгуулсан уг тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдсөн гэхээр ямар хэмжээний нэр хүнд, цар хүрээг хамардгийг илтгэнэ.
Энэ тэмцээний үеэр нэгэн од тодорсон нь 58 кг-ын жинд зодоглосон Пүрэвдоржийн Орхон байв. Тэгэхэд олимп, дэлхийн хошой аваргын нутагт зохион байгуулсан тэмцээнд ээлжит түрүүгээ бататгахаар ирсэн Японы алдарт бөх Каори Ичотой финалдсан 23-хан настай монгол охин 10:0-ээр цэвэр ялж аваргын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн нь тухайн үедээ чөлөөт бөхийн ертөнцийг шуугиулж байлаа. Тэгэх нь ч аргагүй. ОХУ-ын домогт бөхийн нутагт өөрийн ноёрхлоо үргэлжлүүлэхээр ирсэн Ичог дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль, 2016 оны улсынхаа аварга болсон 23 настай П.Орхон цэвэр ялах нь магадлалын хувьд бага байсан юм.
Дунд сургуулийн сурагч байхдаа ялагдлын амтыг мэдэрч, түүнээс хойш 13 жилийн хугацаанд олимпт гурав, дэлхийд арван удаа аваргалсан босоо аваргын 158 дараалсан ялалтад цэг тавих хүн нь Яры́гиний нэрэмжит “Алтан гранпри”-д хүч үзсэн П.Орхон байсан нь Ичог, япончуудыг төдийгүй дэлхий нийтийг шоконд оруулсан юм.
Хэдийгээр Каори Ичо Наритагийн нисэх буудалд мөнгөн медальтай буух үеэрээ “Өрсөлдөгч маань хүчтэй байсан гэхээсээ илүү би сулхан байлаа. Том туршлага болж өгсөн. Энэ туршлагаа ашиглан, “Рио”-гийн олимпийн наадамд хариугаа авахыг хичээх болно. Монголын бөх намайг маш сайн судалсан байлаа. Энэ ялагдлыг хэрхэн давж гарахаас их юм шалтгаална. Би улам хүчтэй болох ёстой” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан ч алдарт аваргыг ялж “Алтан гранпри”-д түрүүлсэн П.Орхоны ялалт түүнийг чөлөөт бөхийн ертөнцөд шинэ түүх бичихэд хүргэсэн юм.
“Рио”-гоос авсан сургамж
Тамирчин хүнд ялалтын амт гэж байхад ялагдлын гуниг гэж бас бий. Үүн шиг аваргыг ялж аварга болсон П.Орхоныг “Рио”-гийн олимпоос медаль хүртэх магадлал өндөртэй тамирчны нэгээр тодруулж, тэр хэмжээгээрээ найдлага тавьж байсан цаг саяхан. Японы домогт бөхийг ОХУ-ын дэвжээнд цэвэр ялж, аваргын титэм зүүсэн түүнд ирэх зун нь болох “Рио”-гийн олимпоос медаль хүртэх “болзол”-ыг бид өөрсдөө тулгачихсан хэрэг. Магадгүй асар их үнэ цэнээр олдсон ялалт нь тамирчнаас эргээд асар их үүрэг хариуцлагыг нэхдэг, бусдадаа найдлага төрүүлдэг нь энэ байж болох. Ийм л нэгэн шаардлага, шалтгаантайгаар П.Орхон “Рио”-г зорьсон, олимпийн дэвжээнээ зодоглосон. Тэгэхэд долоо хүрэхгүй сарын өмнө алдарт аваргыг 10:0-ээр ялсан амжилтын эзэн түүнээс бэргэж, бэрхшээсэн тамирчин “Рио”-гийн дэвжээнээ ганц нэгээр дутахгүй байсан нь мэдээж. Араасаа асар их найдлага дагуулан дэвжээнээ гарсан П.Орхон эхний барилдаандаа ялсан ч хоёр дахь тойрогтоо ОХУ-ын бөх Валерия Сергеевна Кобловатад ялагдсан. Улмаар Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийсэн ч 11:1 ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаж байв.
Ердөө долоохон сарын өмнө П.Орхоноор амьсгалж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ялалтынх нь тухай мэдээллийг ээлж, дараалан дурдаж, бичиж байсан монголчууд нийтээрээ түүнийг чичлэв бас зүхэв.
Түүний оронд өөр нэгнийг явуулах байсан тухай шогшрох зарим нь ч олон байлаа. Гэхдээ тэр шантраагүй. Анхны олимпоосоо авсан сургамж, өөрийг нь чиглэсэн шүүмжлэл дундуур явсаар өдий хүрсэн юм.
Тамирчны алдар хямдхан олдохгүй
2017 онд Францын нийслэл Парис хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Орхон дэлхийн аварга болов. Монголчууд баярлав, бүгдээрээ огшив. Яг л Ичог ялж “Алтан гранпри”-д аваргалж байсан тэр үеийг эргэн сануулсан гэлтэй бүх нийтээрээ шагшин магтав, түүгээр амьсгалав. Энэ бол өнгөрсөн оны есдүгээр сард болсон үйл явдал. Сонирхолтой нь, сар гаруйн өмнөхөн дэлхийн аварга хэмээх хүндтэй алдрын эзэн болсон П.Орхон Литвийн Клайпеда хотноо болсон армийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж мөн алтан медаль хүртсэн юм. Сар гаруйн өмнө дэлхийн аварга болсон тэрбээр амжилтаа бататгаж жиндээ номер нэг хэвээрээ байгаа гэдгээ бататгасан нь энэ. Оюутны болон насанд хүрэгчдийн улсын аварга, Иван Ярыгиний “Алтан гранпри”, “Монголиа опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын гранпри болон ДАШТ-ийг оролцуулаад тэрээр алтан медалийг түүчээлсэн нь энэ байв.
Оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэх нь тамирчин хүн бүрт олдоод байдаггүй боломж. Тэр тусмаа аварга болох нь баргийн тамирчнаас гарахааргүй шаргуу бэлтгэл, сургуулилалт бас сэтгэлзүйг шаарддаг. Тиймээс тамирчны алдар хямдхан олддоггүй. Тэгвэл 14 настайдаа чөлөөт бөхийн спортод хөл тавьж байсан бяцхан охин, түүнээсээ есөн жилийн дараа жиндээ 13 жил босоо явсан Каори Ичогийн ноёрхолд цэг тавьж, өнөөдөр 63 кг-ын жинд дэлхийн болон армийн аваргын титмийг давхар эзэмшиж эхлээд байна. Үүгээрээ тэр Монголын төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн ертөнцөд шинэ түүхийг бичиж байна. Тамирчин хүн бүр өөрийн гэсэн намтартай, амжилттай. Тэдний дунд бүхэл бүтэн улсынхаа хэмжээнд их спортод анхаарал хандуулж, хэн нэгнийг зөвхөн алтан медалийн төлөө багаас нь бэлтгэж бас төрүүлж байхад борогхон амьдралаас алдрын тавцанд зогсох хүртлээ асар их хүч хөдөлмөр, хөлсөө дуслуулан байж амжилт, ялалтын амтыг мэдэрдэг нь ч бий.
Гэхдээ хүн амын тоо, хөрөнгө мөнгөний боломж бололцоо нь хомс ч Монголын тамирчид олон улсын дэвжээнээ өөрийнхөө нэрийг эх орныхтойгоо хамт тамгалж бйгаа. Үүний тод өнгө нь, бодит жишээ нь П.Орхон болж байв.
Тэшүүрээр гулгаж, шатар тоглох сонирхолтой охин чөлөөт бөх хэмээх их спортод хөл тавихдаа одоогийнх шигээ дэлхийн аваргын эрэмбэтэй тамирчин болно гэж төсөөлөө ч үгүй явсан байж мэдэх. Харин өнөөдөр тэр монгол хүн бүрийн бахархлыг төрүүлж, хэдийнэ ард түмний хайртай охин болжээ. Тамирчин хүн дэвжээн дээр өөрөөсөө гадна эх орон, элэг нэгтнүүдийнхээ итгэл найдварыг тээж гардаг гэсэн үг бий. Тэр нь ч үнэн. Тамирчин хүний ялалт бүрийн ард улсынх нь нэр хүнд давхар өргөгдөж явдаг.
Кыргызстаны нийслэл Бишкект болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 62 кг-ын жинд ээлжит алтан медалиа хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Бишкекийн тэнгэрт мандуулсан нь өөр нэг бахдам амжилт байв. Дэлхийн дэвжээнд аваргын энтэй яваа тэрбээр Азидаа ч түүнийгээ бататган харуулсан хэрэг. П.Орхон хэмээх Монгол омогшил үнэхээр бяртай, хүчтэй бас босоо байлаа.
Гагцхүү Пүрэвдоржийн Орхон хэмээх гэнэтхэн цойлсон энэхүү охин сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар 2020 оны олимп, 2021 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тэр хооронд нь таг дуугүй суусаар байх хойгуур П.Орхон шийтгэлээ үүрээд дуусгачихсан. Одоо тэр илүү том охин болсон. Том бөх гэдгээ олимпын дэвжээнд харуулна.
Л.Баяр
Сэтгэгдэл (8)