Өнгөрсөн долоо хоногт МЧБХ-оос Турк улсад зохион байгуулагдах "олимпын эрх" олгох тэмцээнд оролцох 7 тамирчныг сонгосон. Харин МУГТ Б.Болортуяа үүнд багтаагүй юм. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан Монгол чөлөөт бөхийн холбоонд, ард түмэндээ хандаж дараах мэдэгдлийг гаргажээ. Түүний хувьд олимпын эрхийн төлөөх тэмцээнд эх орноо төлөөлж явна гэдэгтээ итгэлтэй байсан байна.
Үүнд, "Яг 10 хоногийн дараа чөлөөт бөхийн Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Турк улсын Истанбул хотод эхлэх гэж байна.
Миний хувьд 2024 оны УАШТ-д мөнгөн медаль хүртсэн учир Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадаагүй.
2024 оны 04 сарын 24-ний өдөр МЧБХ-ны УЗ хуралдаж, 53кг жинд Б.Хуланг дахин дэлхийн эрхийн тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасанд би маш их сэтгэлээр унасан.
Миний хувьд УАШТ-с хойш 3 сард Турк улсад болсон ОУ-н тэмцээнд 53 кг жинд түрүүлж, хэрэв боломж олдвол Дэлхийн эрх авах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, өөрийгөө бэлдэж байлаа.
Харамсалтай нь миний хүссэнээр болсонгүй. Шийдвэрүүд миний эсрэг гарсан нь надад төдийгүй миний гэр бүл, найз нөхөд, намайг зүрх сэтгэлээсээ үргэлж дэмжиж туслаж байдаг хүн бүрд хүнд туслаа.
Энэ бүхний эцэст би хэд хэдэн зүйлийг хэлэхийг хүсэж байна.
1. Шигшээ багийн багш нар тамирчдадаа мэдээллийг маш тодорхой өгдөг байгаасай. Та бүхний гаргасан санал, шийдвэрүүдэд хэрэв би эргэлзэж байсан бол ААШТ-д оролцож түрүүлээд Дэлхийн эрхийн тэмцээндээ хэрүүл тэмцэлгүй явах байлаа. Та бүхэнд итгэсэн нь миний алдаа болчихов уу.
2. МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгч ээ! Намайг гэмтэлтэй гэх ташаа мэдээллийг та хаанаас хэнээс сонсов? Дүүгээсээ тодруулалгүйгээр юунд УЗ хурал дээр дэлгэв ээ?
Та бид 2 олимпоос медальтай Монголын чөлөөт бөхийн хоёрхон эмэгтэй тамирчин шүү дээ.
3.Олимпын наадам өөрөө эв нэгдлийн билэг тэмдэг билээ. Энэ цаг мөч надад хамгаас хүнд байна. Гэсэн хэдий ч би тамирчин хүний ёс зүй, хайртай спортынхоо нэр хүндийг бодож өөрийн хүсэл зорилгыг золиослон нэгэнт гаргасан шийдвэртэй эвлэрч, баг хамт олондоо амжилт хүсэн үлдэе дээ.
Дэлхийн эрхийн тэмцээнд оролцох 7 тамирчиндаа ( 4 эрэгтэй, 3 эмэгтэй ) бүгдэд нь амжилт хүсье. Ялангуяа жингийн өрсөлдөгч Б.Хуландаа эрхээ заавал аваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Чиний төлөө залбирах болно.
Бөхөд хайртай түмэн олон минь одооноос энэ сэдвийг хааж, шүүмжлэл хэрүүл хэлцэлээ зогсоож, тэмцээнд оролцох тамирчдадаа зөвхөн сайныг ерөөж үдэцгээе.
Азийн эрхийн тэмцээнд оролцоод эрх авч чадаагүй бүх тамирчдад боломж байсан шүү. Алдаагаа бусдаас хайхгүй байх нь тамирчдын баримтлах ёстой зарчим юм.
МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнөөдөр надтай уулзахаар болсон. Гэхдээ би уулзалтаас өмнө энэхүү байр сууриа илэрхийлэхийг хүслээ.
Олимп, Дэлхийн ХҮРЭЛ медальт, Гавьяат тамирчин Бат-Очирын БОЛОРТУЯА.
2024.04.29" гэжээ.
Сэтгэгдэл (23)