Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Кардеш" ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэн шувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д. Төрбаяр нар шалгарлаа.
Наймд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн заан С.Доржпалам нар үлдэв.
Улсын харцага Л.Пүрэвжавын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг сумын заан Д.Мягмаржавд гардуулсан юм.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Л.Пүрэвжавт МҮБХ болон нутгийн олон, ахан дүүс, найз нөхөд, “Ээлт хан” галын бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Энэ барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Дараагийн барилдаан ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 26-нд 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, "Гандангийн бүрхэг" хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО