Киргизийн Бишкек хотод "Парис 2024" чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн боллоо. Энэ тэмцээнээс манай улсын хувьд гурван тамирчин олимпод оролцох эрхээ авлаа. Тэмцээний талаар шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаярын сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр, "Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээнд эмэгтэй тамирчид маань өөрсдийн хэмжээнд сайн барилдсан гэж бодож байна.
Б.Хулан маань маш харамсалтай ялагдлаа. Ганцхан секунд байсан бол, нэг секундын үнэ цэнэ гэж ямар байдгийг харуулсан барилдаан боллоо.
Монголын чөлөөт бөхийн холбоо, биеийн тамир спортын улсын хороо сайн дэмжиж тусалж байгаа учир бэлтгэл сургуулалтаа сайн хийж байна.
Хэр баргийн эр хүн зориглож хичээллэж чадахгүй байгаа чөлөөт бөхийн төрлөөр хичээллэж байгаа цөөхөн хэдэн охидууддаа бүгдэнд нь амжилт хүсээд баярлалаа гэж хэлмээр байгаа юм. Охидуудын маань ялалт, ялагдлыг зөвөөр харж тунгаагаарай гэж хүсье.
С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр анх 12,13 насандаа л бид нар дээр ирсэн хоёулаа Дэлхийн аварга болсон мундаг охид. Хоёр тамирчны бэлтгэл нь хоёулаа сайн байгаа. Арга үгүй нэг жинд барилдаж байгаа учир нэг нь үлдэхээс өөр арга байхгүй. Энэ бол дасгалжуулагч хүний хувьд хамгийн хүнд зовлон байдаг. П.Орхон, С.Цэрэнчимэд хоёулаа бэлтгэл сайн мундаг байгаа шүү. Холбооноос гаргасан шийдвэрийн дагуу олимпын эрх авсан тамирчин олимпод барилдана гэсэн шийдвэр гарсан тул С.Цэрэнчимэд маань П.Орхондоо туслаад энэ хоёр маань олимпын медаль хамт авна гэхэд итгэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (13)