Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонконгт эхэллээ. Тивийн 36 орны 272 тамирчин оролцож буй энэхүү тэмцээнд манай улсаас 18 жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, -66кг, эмэгтэй -48, 52, 57кг-ийн барилдаанууд болов.
Тус таван жинд барилдсан манай улсын жүдочид гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Б.Баасанхүү, -57кг жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медалийн эзэд болов.
Мөн эрэгтэйчүүдийн -60кг жинд Б.Цогт-Очир, эмэгтэйчүүдийн -52кг - Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртэв.
Өнөөдөр Азийн аваргын эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг жингийн барилдаанууд болно. Тус жингүүдэд гавьяат тамирчин Ц.Цогтбаатар тэргүүтэй таван жүдоч барилдана.
Эрэгтэй:
-73кг - О.Ууганбаяр, Ц.Цогтбаатар
-81кг - Г.Болор-Очир
Эмэгтэй:
-63 кг - Б.Ганхайч
-70 кг - Б.Ням-Эрдэнэ
Сонирхуулахад тэмцээниий эхний өдөр -52 кг жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Хорлоодой Азийн аварга болсон бол -57 кг жинд М.Ичинхорлоо хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байр эзэлсэн юм.
А.Сүх