Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
“Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман багуудын барилдаан эхэлсэн. Архангай аймгийн баг Төв аймгийн багтай таарч 18-07 харьцаатай буулган авсан бол Өвөрхангай аймгийн баг Өмнөговь аймгийн багийг 14-11 харьцаатай ялалт байгуулж шөвгийн дөрөвт шалгарсан.
Өчигдөр явагдсан Увс-Говьсүмбэр аймгийн багуудын барилдаанд 15-10 харьцаатай Говьсүмбэр аймгийн баг ялалт байгуулж шөвгийн дөрвөн багийн нэгээр тодорсон.
Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ны 19:45 минутаас Ховд аймгийн баг Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана. Энэхүү тэмцээний хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг гэгдэж буй Ховд аймгийн бүрэлдэхүүнд өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж байгаа нэг аварга, хоёр заан, нэг харцага байгаа бол тэдний эсрэг барилдах Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик барилдана. Үндэсний бөхийн холбооны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс улсын заан Б.Серикийн барилдах эрхийг гуравдугаар сарын 18-ны өдрөөс сэргээсэн.
Тэрбээр гуравдугаар сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болсон Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж бэлтгэлд сайтай байгаагаа харуулсан. Энэ хоёр аймгийн ялсан баг шөвгийн дөрөвт шалгарч Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудын багийн эсрэг Алтан цомын төлөөх барилдаан барилдах эрхтэй болох юм.
Ховд аймгийн багийн бүрэлдэхүүн
-
Улсын аварга О.Хангай
-
Улсын заан Б.Пүрэвсайхан
-
Улсын заан Б.Бат-Өлзий
-
Улсын харцага Г.Ганхуяг
-
Аймгийн арслан Ц.Төмөрцоож
-
Аймгийн арслан М.Баяржавхлан
Баян-Өлгий аймгийн баг бүрэлдэхүүн
-
Улсын заан Б.Серик
-
Улсын өсөх идэр начин Н.Мустафа
-
Аймгийн хурц арслан У.Береке
-
Аймгийн хурц арслан М.Еркебулан
-
Аймгийн арслан Т.Эрболат
-
Аймгийн арслан Б.Төмөрбаатар
-
Аймгийн арслан Е.Көптилек
А.Сүх