Парисын Олимпын наадмын галыг асаах ёслол Грекийн эртний Олимпын тууринд наадам эхлэхээс 100 хоногийн өмнө буюу мягмар гарагт болно. 2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн Олимпын гал асаах ёслолыг “Ковид-19” цар тахлын улмаас цомхон хүрээнд зохион байгуулж байсан бол энэ удаагийн ёслолыг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа үзэгчдийг оролцуулан явуулах гэж байна. Мягмар гарагт болох ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Олон улсын Олимпын хорооны тэргүүн Томас Бах тэргүүтэй 600 орчим нэр хүндтэй зочин оролцох төлөвтэй байна.
2600 жилийн настай Хера сүмийн туурин дээр явагддаг ёслолын ажиллагааны үеэр галт бамбарын буухиа эхэлдэг. Галт бамбар нь наадмын туршид ариун гал асдаг байсан эртний Олимпын наадмуудаас үүсэлтэй бөгөөд энэхүү уламжлалыг 1936 оны Берлиний Олимпын наадмаас сэргээж байсан түүхтэй. Парисын Олимпын галт бамбарыг буухиалах эхний хүн бол Грекийн тамирчин, 2020 оны Олимпын сэлүүрт завины аварга Стефанос Доускос байх юм. Грект галт бамбарыг 11 хоногийн турш буухиалах бөгөөд 600 орчим хүн 41 хотоор 5000 км зайд аялуулах ажээ.