Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй энэ оны Бүсийн хоёр дахь зөвлөгөөн Архангай аймагт болов. Зөвлөгөөнд Архангай, Хөвсгөл, Булган аймгийн БТСГ-ын багш, дасгалжуулагч, ЭМГ, СӨБ, ЕБС-ийн биеийн тамирын багш, арга зүйчид хамрагдлаа.
Архангай аймгийн БТСГ нь тус аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл аж төрөхийн салшгүй хэсэг болгон аймгийнхаа хэмжээнд бүтээн байгуулалтын ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа юм байна. Дэлгэрүүлбэл, усан спорт сургалтын төвийг барьж байгуулсан ба өнгөрсөн онд давхардсан тоогоор 12.470 хүн тус төвөөр үйлчлүүлжээ. 100 хүний суудалтай спорт барилгын ажлын явц нь өдгөө 90 хувьтай байна.
Мөн спортын 14 дугуйлан хичээллүүлж, 22 спорт холбоодтой хамтран ажиллаж байгаа нь хүүхэд, залуус биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин бүрдэж байгаа юм. Энэ оны дөрвөн сарын байдлаар 57 агентлаг, 61 сургууль, цэцэрлэг, 19 сумын ЭМТ-д сорил судалгааны ажил зохион байгуулж, одоогоор 425 хүн үйлчлүүлжээ.