Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголчуудын сэтгэл цэнгэх шиг болов. Тэр хэрээр сайхан зон олон бид амарсан гэж хэлж болно. Бид та бүхэнд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон спортын сонин, сайхнаас толилуулж байна.
Эмэгтэй шигшээ багийн анхны ХҮРЭЛ
Сингапур улсад зохион байгуулагдсан ФИБА 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээний С хэсэгт багтсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Малайзыг 21:4-өөр илүүрхсэн билээ. Эмэгтэй шигшээ багийн хувьд энэ хэсэгт Малайз, Филлипиний багуудтай багтсан юм. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Филлипиний шигшээ багтай хийж ялагдсанаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар тэд БНХАУ-ын багийг илт илүүрхэж, хагас шигшээд Австралын багт ялагдаж, хүрэл медалийн төлөө Тайванийн багийг 17:10-аар буулган авч, Азийн аваргаас анхны медалиа хүртэв.
Их дуулгын эрлэг
Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох их дуулга тэмцээн баасан гарагт эхэлж, ням гарагт өндөрлөв. Нийт 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнээс эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртсэн юм.
Тэрбээр их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа нь энэ. Сонирхуулахад энэ нь түүнийг Антальягийн их дуулгын гурав дахь медаль болов. Тэрбээр 2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл медаль хүртэж байна.
Эрэгтэй шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн
Сингапур улсад зохион байгуулагдсан ФИБА 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээний В хэсэгт багтсан Монгол улсын эрэгтэй шигшээ баг хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлсэн билээ. Энэ хэсэгт Тайландын баг нэг хожилтойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан.
Улмаар тэд Катарын багийг илт илүүрхэж, хагас шигшээд Австралийн багт хожигдон хүрлийн төлөө Шинэ Зеландын багийг 21:18-аар буулган авав.
Өмнөх бүрэлдэхүүн тарж, хуучнаас Б.Ананд л байв. Гэвч нас залуу цус шингэн тэд итгэл алдсангүй дээ.
Итгэл алдахаа байсан Гончигоо
Олон улсын жүдо бөхийн холбооны календарчлагдсан төлөвлөгөөнд багтсан ”Антальяагийн Их Дуулга” тэмцээнд 700 гаруй жүдоч өрсөлдлөө. Манай улсаас эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл, “Их Дуулга” тэмцээний гурван медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн барилдаж хүрэл медаль хүртлээ.Түүний хувьд медалийн төлөөх барилдаанд Бразилийн Леонардо Конгалвэшийг ялсан юм. Тэрбээр энэ төрлийн тэмцээнээс дөрөв дэх медалиа хүртэж буй нь энэ юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)