"Завхан бродерс" багийн тоглогч М.Баасандоржтой ярилцлаа. Тэрбээр 2017 оноос Сагсанбөмбөгийн спортоор тууштай хичээллэж байгаа бөгөөд Үндэсний дээд лигт гурав дахь жилдээ тоглож буй.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэзээнээс сагсанбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Намайг Мөнхтөрийн Баасандорж гэдэг. Завхан аймагт төрж өссөн. Багадаа сагсанбөмбөг тоглодог байсан ч 2017 онд оюутан болоод тууштай хичээллэх болсон. 2019 оноос U19 насны УАШТ-ээс багаараа хүрэл медаль, мөн шилдэг довтлон тоглогч болж байлаа. Тэр үеэс сагсанбөмбөгийн 3x3 төрлийн дасгалжуулагч С.Тулга багш бэлтгэлдээ дуудсанаар 21 аймгийн дээд лигийн Улаанбаатар багт тоглож эхэлсэн. Хоёр жил гаруй хугацаанд бэлтгэл хийсний дараа Завхан бродерс багт орсон.
Тухайн үед Завханы харъяатай хүмүүс цуглаж дээд лигийн баг үүсгэн байгуулж байгаа хэмээн санал тавьж байсан. Тэгээд л Завхан бродерс багтаа орсон доо. Багтаа ороод, дээд лигт тоглоод гурван жил болсон байна.
-Оюутны лигт тоглож байсан уу?
-Би ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийг төгссөн. Сурч байх хугацаандаа ШУТИС Шаркс багт очиж хоёр удаа бэлтгэл хийж үзсэн. Тухайн үед хичээл ихтэй, мөн хол зайнаас болоод ШУТИС Шаркс багт орохгүйгээр Механик тээврийн сургуулиасаа шинэ баг үүсгэж байсан. Багаараа оюутны лигт оролцсон ч миний хувьд 21 аймгийн дээд лигт оролцож байсан учир хасагдсан.
-Тоглогчдын хувийн дугаар ихээхэн ач холбогдолтой байдаг шүү дээ. Таны хувьд яагаад “О” дугаартай тоглох болсон бэ?
-NBA үздэг байхдаа 0 дугаартай тоглогчдыг дэмждэг байсан л даа. Тэр утгаараа энэхүү дугаарыг авсан. Ер нь аливаа зүйлс тэгээс эхэлдэг гэдэг дээ. Миний хувьд ч мөн бүх зүйлийг тэгээс эхэлсэн учир энэ дугаартай тоглох болсон.
-Завхан бродерс баг бусад багуудыг бодоход харьцангуй залуу баг. Тоглолтын сүүлийн хагаст сэтгэл зүйн байдал тоглолтод нөлөөлөөд байгаа харагддаг. Залуу багийн сул болон давуу талыг хэрхэн харж байгаа вэ?
-Тийм ээ. Дээд лигт тоглож буй хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг. Мөн солонгос дасгалжуулагчтай. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн солонгос дасгалжуулагчтайгаа бэлтгэл хийж эхэлсэн. Манай багт дээд лигт анхны жилдээ ч тоглож буй хүүхдүүд бий. Залуу тоглогчдын хувьд хожил, хожигдол тийм ч чухал биш байсан. Энгийн бэлтгэл хийх талбай, лигийн талбай хоёр өөр шүү дээ. Тийм дээ ч лигийн талбайд гарахад алдах зүйл их байсан. Бид улирлыг их даруухан эхлүүлсэн. Легонор тоглогчид маань бидний хурдан темптэй тоглолтыг унагаачихсан л даа. Бэлтгэл сайн байсан ч авчирсан легонортойгоо тоглолтоо тааруулах гээд хэсэг темп өөрчлөгдсөн. Тэгж явсаар улирлын төгсгөлд тоглолтуудаа гаргаж, хэрэгтэй хожлуудаа авсан.
Багийн тоглолтын хувьд гол төлөв хурдан довтолгоо, шидэлт ихтэй байсан. Мөн хамгийн гол зүйл нь хамгаалалт сайтай байсан. Мэдээж тухайн цаг мөчдөө алдаа гаргаж, хожигдол авсан үеүд бий. Тэр нь эргээд улирлын төгсгөлд биднийг хурцалж өгсөн болов уу гэж бодож байна.
-Плей-оффын тоглолтод Эрдэнэтийн Уурхайчид багтай тоглохдоо өөрийн хүссэн тоглолтоо гаргаж чадсан уу?
-Аваргуудтай тоглосон эхний хоёр тоглолтод маш их зүйл бодогдсон л доо. Бид Эрдэнэтийн Уурхайчид багийг аваргууд гэдэг утгаар нь харж биеэ барих тал байсан. Эрдэнэтийн Уурхайчид гэдэг баг биш аваргууд гэдэг цолыг нь хараад байсан болов уу гэж бодсон. Тэгээд л дараагийн тоглолтоос сэргэж эхэлсэн. Бидний хамгаалалт сайн байсан нь хэд хэдэн хожил авахад чухал нөлөөлсөн. Харин хувийн тоглолтын хувьд өмнөх алдаагаа давтахгүйн тулд бичлэгүүдээ хэд хэд ухрааж үзсэн дээ. Сагсан бөмбөг багийн спорт учир би алдаагүй ч багийн өөр тоглогч алдана шүү дээ.
-Шинийн нэгний өдрийн “UG Arena” дахь уур амьсгал ямар байсан бэ?
-Цагаан сараар лигийн тоглолт болно гэдэг ховор тохиох зүйл байх. Шинийн нэгний өглөө босоод л заал руугаа явсан. Нэг талаараа, бид тамирчид учир хүмүүсийг баясгаж байгаа нь гоё л доо. Тийм ч учраас маш өрсөлдөөнтэй тоглолт болсон.
-Эрдэнэтийн Уурхайчид багтай долоон удаа тоглолт хийсэн. Хамгийн сүүлийн тоглолт болон тоглолтын дарааг сэтгэл зүй хэр хүнд байв?
-Миний хувьд маш харамсалтай санагдсан. Өөрийн эрхгүй л уйлчихсан. Бидэнд хангалттай хожих боломж байсан л даа. Цувралыг 2:0 гэж эхлүүлээд, 3:2 гээд илүү гараад эхэлсэн шүү дээ. Долоо дахь тоглолт бол хожигдох ёсгүй тоглолт гээд хэн хэн нь бүх зүйлээ гаргаж тоглосон. Хэн хэнийг нь буруутгах аргагүй л дээ.
Тоглолтын дараа хэд хоног сэтгэлээр унасан. Эндээс илүү их хичээх ёстой гэдгийг ойлгосон. Мөн хожихын тулд үүнээс ч илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодсон.
-М.Баасандорж гэдэг тоглогчийн гаргаж буй сэтгэл хөдлөл, биеэ авч яваа байдал үзэгчдэд их таалагддаг л даа. Сэтгэл хөдлөл өндөртэй тоглогчдын нэг гэж хэлж болох юм?
-Тухайн үеийн сэтгэл хөдлөлөө л ил гаргадаг. Гоё хамгаалалт хийчих юм бол орилмоор санагддаг. Тэндээсээ дараагийн хамгаалалтын хүч, тэсрэлтийг олж авдаг. Гурваас шидэх үед бол өөрийн эрхгүй үйлдлүүд гаргачихдаг юм. Эхлээд гурван хуруугаа гаргадаг байсан бол сүүлдээ үнсэлт болчихсон байна лээ. Ер нь тухайн үеийн уур амьсгалаас их болдог.
-Сүүлд илгээсэн “үнсэлт” хэн нэгэнд зориулагдсан уу?
-Тэр өдөр аавын маань төрсөн өдөр байсан. Аав маань Завхан аймагт байсан учир аавдаа зориулж үнсэлт илгээсэн.
-Солонгос дасгалжуулагчийн тухайд хамтарч ажиллахад ямар байна вэ?
-Тамирчид дасгалжуулагчтайгаа хамт суугаад бичлэгээ үзэж, алдаа оноогоо ярилцдаг. Туслах дасгалжуулагчийн хувьд биднийг залуу тоглогч гэдэг үүднээс сэтгэл зүйг хөөргөж гаргадаг. Хувцас солих өрөөнд дасгалжуулагч ганцаараа голд очоод орилоход бид дагаад орилдог. Энэ мэдрэмжүүд их гоё. Мөн зай л гарвал шид, оруулах оруулахгүй чинь хамаагүй гэж хэлдэг. Тийм ч учраас манай багийн ихэнх тоглогч шидэлт сайтай. Солонгос арга барил бол шидүүлэх л юм билээ.
-Легонор тоглогчидтойгоо ойлголцоход хүндрэлтэй зүйл байдаг уу?
-Манай баг гурав дөрвөн легонор тоглогч сольсон. Даймонд Стөүний хувьд Б.Энх-Амгалан ах, Э.Мөнхтулга, Б.Барсболд бид дөрөвтэй хоёр дахь жилдээ тоглож байгаа. Тодорхой хугацаанд бэлтгэл хийгээд явсан учир ойлголцоход нэг их асуудал байгаагүй. Легоноруудтайгаа сагсанбөмбөгийн хэллэгүүдээр ойлголцоод явдаг. Мэдээж хөгжилдөх үе ч бий.
-Найзтайгаа нэг талбайд, эсрэг багаас тоглох ямар санагддаг вэ? Найзууд ч гэсэн эсрэг баг гэдэг утгаар нь бодох үе байсан уу?
-Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч Г.Ган-Эрдэнэ найзтайгаа тоглолтын турш нэлээд контакттай тоглосон. Талбайн гадна найзууд ч гэсэн талбай дээр бол өрсөлдөгч. Талбай дээр бие биеийгээ үгээр дарамтлах, биеийнхээ эсрэг оноо авахдаа огшсон үйлдлүүд үзүүлсэн. Долоо дахь тоглолтын дараа Г.Ган-Эрдэнэ, А.Бямбадорж ах хоёр ирээд тэвэрсэн. Тухайн үед юу гэж хэлснийг нь ч анзаараагүй.
-Тоглолтын үед ямар зүйл хамгийн гоё санагддаг вэ? Шидээд оруулах, амжилтай хамгаалах, самбарт үсрэх гээд тоглогчдын дуртай зүйлс байдаг шүү дээ.
-Хамгаалалт хийчхээд хурдан довтолгоонд орж, тэр дамжуулалтыг аваад оруулах мэдрэмж гоё санагддаг. Цаг дуусаж байх үед оруулах, хурдан шидэх зэрэг хурдан темптэй зүйлсийг хийх дуртай.
Довтолгооны секунд дуусаж байх үед бөмбөг аваад оноо болгоно гэдэг маш гоё мэдрэмж байдаг.
-Та болон танай баг маш олон дэмжигчидтэй болсоор байгаа. Үүнийгээ дагаад та бүхний үүрэг хариуцлага илүү нэмэгдсэн байх?
-Сагсанбөмбөг Монголын топ спортуудын нэг болчихлоо. Үзэгч, дэмжигчид ихтэй. Ялангуяа, өсвөр насны хүүхдүүд биднийг маш их дэмждэг. Тэдэнд тамирчин гэдэг утгаараа зөв дуурайлал үзүүлэх ёстой гэж боддог. Тиймдээ ч илүү их хичээж, илүү гоё тоглолтуудыг үзүүлэхийг хүсдэг.
-Хувь тоглогчийн болон Завхан бродерс багийн цаашдын зорилго юу байгаа вэ?
-Монгол Улсын шигшээ багтаа дуудагдах боломжтой гэж харж байгаа. Мөн Монголынхоо лигт тодорхой хэмжээний амжилт үзүүлээд түүнийхээ үр шимийг хүртэхийн төлөө хичээсээр байх болно. Урдаа маш олон зорилго тавьчихсан байгаа. Цаашид нэг нэгээр нь ахиулаад явна. Харин манай багийн хамгийн ойрын зорилго бол энэ зуны лигийн аварга авах. Багийн насны дундаж 23,5 байгаа учир зуны лигт оролцох боломжтой. Мөн ирэх жилийн лигт энэ жилийн гаргасан амжилтыг давуулж, аварга авахыг зорьж байгаа. Үүнийхээ төлөө л тууштай тэмцэнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (3634)