Шинэ жилийн баяр нь он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Ямар цагалбар хэрэглэж буйгаас шалтгаалан шинэ жилийн баяр нь орон бүрд ижил байдаггүй ч дэлхийн ихэнх улс оронд Григорийн тооллын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 01-нд шинэ жил гарсанд тооцон, 12 дугаар сарын 31-нд гэр бүл, найз нөхдөөрөө өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтжээ.
Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг шинэ жилийн баяр хэмээн нэрийддэг. Монголд шинэ оны эхний өдөр нь улс нийтээр амардаг билээ.
Монголд
Шинэ он болохоос дунджаар 15 хоногийн өмнө шинэ жилийн сүлд модоо зассанаар шинэ жилийн уур амьсгал орж эхэлдэг. Айл өрхүүд шинэ жилээр голдуу хүүхдэдээ зориулан сүлд мод засаж, бөмбөлгөн тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг бол албан байгууллагууд албан газрынхаа дотор эсвэл ойролцоо сүлд модоо засдаг. Мөн нийслэлийн захиргаанаас жил бүр Чингисийн талбайд томоохон сүлд мод засдаг.
Айл өрхүүд 12 сарын 31-ний орой гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суун хуучин оныхоо баяр хөөрийг хэлэлцэж шинэ ондоо амжилттай сайхан байхыг хүсэн он солигдох цагаар оргилуун дарс оргилуулан шинэ оноо угтдаг.
Шинэ жилийн баярын салшгүй нэгэн хэсэг нь цас мөсний орноос цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулан ирж, улирч буй ондоо сайн үйлс хийсэн хүүхэд багачуудад бэлэг өгдөг өвлийн өвгөн юм.
Сэтгэгдэл (2)