1989 онд найруулагч Камерон Кроугийн анхны кино "Say Anything", Стивен Содербергийн "Sex, Lies and Videotape", Роб Райнерын найруулсан "When Harry Met Sally", Вуди Аллены "Crimes and Misdemeanors", "Dead Poets Society" зэрэг олон шилдэг бүтээлүүд дэлгэцнээ амилсан бөгөөд миний хувьд хамгийн шилдэг кино бол найруулагч Брюс Бересфордын найруулсан "Driving Miss Daisy" юм. Морган Фриман, Жессика Тэнди нарын гол дүрд нь тоглосон энэхүү кино жүжигчин Морган Фриманыг Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшүүлж байсан. Ер нь 1989 он түүний хувьд тун амжилттай жил байжээ. Морган Фриманы энэ онд тоглосон өөр нэг кино болох "Glory" бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтад бичигддэг төдийгүй жүжигчний хувиар тоглосон анхны бокс оффисын өндөр орлоготой кино байсан юм.
Кинонд 1948 онд Дэйзи Вертан буюу Мисс Дэйзи 72 настай чинээлэг, еврей , бэлэвсэн, тэтгэвэртээ гарсан сургуулийн багшын хувиар Жоржиа муж улсын Атланта хотод ганцаараа амьдардаг бөгөөд хар арьст гэрийн үйлчлэгчтэй. Түүний хүү Були түүнд 1949 оны Хадсон Коммодор машин худалдан авч, түүнд туслуулахаар 60 настай Хок Колберн гэх жолоочийг ажилд авдаг. Ингэснээр зөрүүд, хөгшин эмэгтэй, хар арьст жолооч хоёрын адал явдал эхэлдэг.
Л.Сайнаа