Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй "Болор Цом" яруу найргийн наадам энэ жил тэгш ойтойгоо золгож байна. Тус наадам маргааш буюу энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд 40 яруу найрагч хоёрдугаар шатанд шалгаран шүлгээ дуудах юм. Тэгвэл бид та бүхэнд уг оролцогчдоос таван яруу найрагчийг уран бүтээлээс онцлон хүргэж байна
1. Яруу найрагч О.Элбэгтөгс
Элж хорогдсон он жилүүд утасны модон дээр
Элээ шиг сууж орон зайг хэмжихэд
Танай цонхон дор тоглож байлаа.
Эрх чөлөөний баяраар тэнгэрлүү өндөг шидэж
Эргүүлийн цагдаад торгуулахдаа
Танай цонхон доор тоглож байлаа
Хаа сайгүй тараан шидлэх зарлалын хуудсан дээр
Хамтдаа утасныхаа дугаарыг бичихдээ
Танай цонхон доор тоглож байлаа
Хар өглөөгүүр Дундговийн шууданд сууж
Халаасанд чинь захиа үлдээгээд явахдаа
Танай цонхон доор тоглож байлаа.
Шүлэг бичихгүй байх нь хамгийн том нүгэл гэж
Шүгэлсэн чөтгөрөө зөвтгөхдөө
Танай цонхон доор тоглож байлаа
Удахгүй хоёулаа Парис явж бороо захиална гээд
Учиргүй их инээлдэж Сабринагийн зургийг хананд өлгөхдөө
Танай цонхон доор тоглож байлаа
Өдөр хоногууд үүл шиг цуван өнгөрч
Өрөөнд минь бударсан цас хүртэл чамайг санаж хайлхад
Танай цонхон доор тоглож байлаа.
Өөр газраар тэнэж сургыг чинь гаргаад
Өмнөдийн тогоруутай хамт диваажинруу одсоныг сонсоод
Танай цонхон доор тоглож байлаа.
Өөдгүй сарыг зүхэж өвчин зовлонд баригдаад
Таазнаасаа олс унжуулж, боож үхэхээр зэхэхдээ
Танай цонхон доор тоглож байлаа.
Танихгүй хүмүүс тагтаа шиг дэргэдүүр нисэж
Тархи толгойд дэмий бодлууд шоргоолж шиг үймхэд
Танай цогхон доор тоглож байлаа
Хамгийн захирагч бурхан бидэнд
Хангалттай амьд явах хугацааг өгсөн болохыг мэдээд
Танай цонхон доор тоглож байлаа...
2. Яруу найрагч М.Уянсүх
Эгшиг дуугаргагч хүн
Сарны саруулд сууж
Өт хорхойг өрөвдөнө
Эгнэгт сарыг магтагч
Хөөрхий миний сүүдэр
Дуун гарах ч сөхөөгүй,
Сөнөсөн тэнгис цалгих
Тийм л нам гүм рүү бид
Өнөд яарах гэж үү дээ?
Тэнэсэн явдалт намайг
Өт хорхой мэт өрөвдөх
Авралт ертөнц сураггүй,
Чамайг уйлсаар байхад
Эгшиг дуугаргагч тэр хүн
Яагаад үл анзаарнам бэ?
Миний хөөрхий сүүдрийг
Сарны гэрэлд тодруулан
Эртний гуниг л сэвэлзмой!
3. Яруу найрагч Д.Сосорбарам
Ширээн дээр Ван Гогийн өрөөсөн чих
Үнсний савнаас цуурайтах radeohead-ийн дууг чагнан
хэвтэх нь гуниг төрүүлнэ
Саяхан төрсөн гуниг минь хэлд орж
цахар Урнаагийн хоолойгоор “миний нирвана”-г дуулахад
Хорьтын дэвсгэрт шиг сарны доор
Задгай мөнгө шиг цасан бударч
Залбиралын минь хариултыг цонхон дор ивмүй
Аавынхаа хуучин гитар шиг үзгээ шүүрч
“Эмээ, өвөө, бясаа гурав”-ын барилтаар
“Будда бол миний анхны хайр . . .
Эр хүйстэнг сонирхсон эхний бөгөөд
эцсийн тохиолдол минь ЭНЭ” гэж дуулахад
Тэр бид хоёрын хуудас завсарт нь хурьцсан
зузаан номын хуудас шиг цасан бударч
Үйлийн үр, хоосон чанар, нирваан хийгээд нисванисийн учиг . . .
. . . ҮХЛИЙН ӨМНӨХ ӨДӨР ШИГ . . .
Цөм цонхон дор минь хөглөрмүй...
4. Яруу найрагч Л.Моломжамц
Жаргаж манддаг ертөнцийн наран байхад
Жаахан гунигийн сэжүүрийг чамтай холбож болохгүй
Инээж уйлдаг хүний ертөнц байхад
Энэ хэсэгхэн нулимсыг нүдэнд чинь буулгаж болохгүй
Уран бийрийн үзүүрт инээмсэглэж буух амраг минь
Урьд нэгэн цагийн ийм зохиролт бүтээл минь
Амраг хосын уруул нийлж хагацах ягаан үүр байхад
Аз жаргалын нөгөө өнгийг чамд нийтгэж болохгүй
Алагхан эрвээхэй нисэх чимээгүй эгшиглэнт хором байхад
Амрагхан гоо бүсгүйн нисэнгүй үнэсэлтийг буцааж болохгүй
Төгс эгшиглэн зурагдаж дотор буух амраг минь
Төв сэтгэлийн гүнд алдрах хязгааргүй аялгуу минь
Санаж уулздаг сарны бүдэгхэн зөрөг байхад
Сайхан бүсгүйн тэврэлтийг буцааж ер болохгүй
Салж хагацаадаг цагаан манан байхад
Зүггүй гэнэн үгсийг сэтгэлд чинь үлдээж болохгүй
Үдэш үдшээр дотор зурагдах амраг минь
Үүр эртийн тунгалаг ийм зохиролт бүтээл минь
Солонгорон гийж ертөнцийн үзэсгэлэн дэлгэрдэг байхад
Соронздох адил чиний үзэсгэлэнд согтохгүй байж болохгүй
Барих юмгүй орчлонгийн цэнхэр эрхшээл тунарсаар байхад
Бадаг цээжний эгшигийг бичиглэхгүй өнгөрч болохгүй
Улам улмаар дотор зурагдах амраг минь
Урьд нэгэн цагийн ийм зохиролт бүтээл минь
Бүв бүлээн нулимсаар уйлдаг гэгээн тэнгэр байхад
Сэтгэл дотроо сэмэрсээр үзэсгэлэнт охид өнгөждөг байх юм
Салхи салхиараа бүхнийг арчдаг ертөнцийн гуниг байхад
Жаргал дотроо явсаар хос амрагууд одсон байх юм
Энэ гэгээн заяанд инээмсэглэж зурагдсан амраг минь
Эрт нэгэн цагийн тийн зохиролт бүтээл минь...
5. Яруу найрагч Ц.Гончиг
Яавал аав нь чам шиг
Жирийн цас будрахад
Гүн ухаантан мэт гайхашрах вэ?
Яавал аав нь чам шиг
Жижигхэн алганыхаа ард
Бүгдээс нуугдаж чадах вэ?
Яавал аав нь чам шиг
Тогтоол усыг гутлаараа туучаад
Бороо... бороо гэж хөөрцөглөх вэ?
Яавал аав нь чам шиг.
Толь мэт нуурын мандлыг заагаад
Тэнгэр... тэнгэр гэж нэрлэх вэ?
Яавал аав нь чам шиг
Чиний мэддэг үгээр
Яруу найраг мэт ярьж сурах вэ?
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)