Өчигдөр Катарын нийслэл Доха хотноо нээлтээ хийсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтээс онцлох сонирхууштай таван үйл явдлыг хүргэж байна.
Нэг. Гоолын баяраа найздаа зориулав
Экуадор улсын шигшээ багийн ахлагч Эннер Валенсиа ДАШТ-ий нээлтийн тоглолтод Катарын шигшээ багийн эсрэг оруулсан гоолын баяраа бурхан болсон найздаа зориулжээ. Түүнтэй Экуадорын шигшээ багт мөр зэрэгцэн тоглож явсан довтлогч Кристиан Бенитез одоогоос 9 жилийн буюу өмнө нь 2013 онд Катарын нэгэн клубт тоглож байхдаа зүрхний шигдээсээр тоглолтын талбай дээр нас барсан ажээ. Түүний найз тухайн үед дөнгөж 27 настай байсан бөгөөд Экуадорын шигшээд 59 тоглолтод оролцож, 24 гоол оруулсан авьяаслаг хөлбөмбөгч байсан юм.
Хоёр. Түүхэн дэх 11-12 дугаар сард болсон анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Өчигдөр буюу энэ сарын 20-нд 2022 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт боллоо. Тэмцээн ихэвчлэн жилийн дундуур, дулааны улиралд өрнөдөг байсан бол 92 жилийн түүхэнд анх удаа 11-12 дугаар сард буюу хүйтний улиралд болж байна.
Гурав. Анх удаа эзэн орны баг нээлтийн тоглолтод хожигдов
ДАШТ-ий нээлтийн тоглолтод уламжлал ёсоор эзэн орны баг болох Катарын шигшээ баг Экуадор улсын шигшээ багийн эсрэг тоглож хожигдол хүлээжээ. Энэ нь түүхэнд анх удаа тохиож буй үйл явдал ажээ.
Дөрөв. Таавар эвдэж мэдэх танигдаагүй тоглогч
Экуадорын шигшээ багийн тоглогч Эннер Валенсиа шигшээ багийнхаа ДАШТ-ий сүүлийн таван гоолыг ганцаараа оруулаад байна.
- Эквадор vs. Швейцар (2014)
- Эквадор vs. Хондурас (2014)
- Эквадор vs. Хондурас (2014)
- Эквадор vs. Катар (2022)
- Эквадор vs. Катар (2022)
Тав. Ази дуучин анх удаагаа ДАШТ-ий нээлтийн дууг дууллаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцсон Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Jungkook тоглолтод дуу хоолойгоо өргөсөн Morgan Freeman-аас ч илүү олны анхаарлын төвд байна. Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн дууг дуулсан анхны Ази уран бүтээлч боллоо.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)