Инстаграмд 700 мянга гаруй дагагчтай жүжигчин, загвар өмсөгч, фото модель, тамирчин бүсгүй Айгерим Абилкадирова жүдо бөхийн 52 кг-ын жинд Казахстан улсын аварга болжээ. Айгерим Казахстаны улсын түүхэнд грэплинг буюу барилдааны холимог төрлөөр 2018 онд анхны дэлхийн аварга нь болж байсан гэнэ.
Тэрбээр таван настайгаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж, өсвөр үеийн Азийн аварга болж, Казахстан улсын аваргаар 2008-2018 онуудад 11 удаа дараалан тодорч байсан. Түүний хувьд хоёр ч хүнд бэртлийн улмаас хэдэн жил тэмцээнд оролцоогүй бөгөөд өчигдөр Атырау хотод болсон Казахстан улсын аваргын тэмцээнд түрүүлсэн байна.
26 настай тэр 2018 онд бэртэлтэй байх хугацаандаа өөрийгөө загвар болон кино урлагийн ертөнцөд сорьж улмаар амжилтад хүрсэн. Тэрбээр “Сезим бяслаг” киноны гол дүрийг бүтээж, Прага хотод дэлхийн брэнд “Garnier”-ын сурталчилгаанд тоглож олон ч реклам, клипний зураг авалтыг чимсэн нэгэн.
Л.Сайнаа