1970-аад оны үед Стив Жобсын өмсөж байсан энгийн нэгэн шаахайг өчигдөр дуудлага худалдаагаар 218 мянган ам доллароор заржээ. Түүний анх "Apple" компанийг үүсгэн байгуулж байсан Калифорни дах байшин өдгөө түүхэн дурсгалт, гэр музей болоод байгаа бөгөөд тухайн үед түүний өмсөж байсан шаахай дуудлага худалдаагаар ийн өндөр үнэд хүрсэн тухай хэвлэлүүд мэдээллээ. Хүрэн элгэн материалаар хийгдсэн, эдэлгээ сайтай тус шаахай нь дуудлага худалдаагаар зарагдсан шаахайнуудын хамгийн үнэтэй нь болсон гэнэ.
Дуудлага худалдааны газрын цахим хуудаснаа "Үйсэн ултай энэхүү шаахайг Стив Жобс олон жил өмссөн учраас хөлийнх ул мөрийг хадгалсан байгаа" хэмээн бичжээ. Мөн тус шаахайг анх 60 мянган ам долларын хүрнэ хэмээн тооцож байсан ч даруй 3.5 дахин өндөр үнэд хүрсэн байна. Стив Жобс, Стив Возняк нар 1976 онд Калифорни мужийн Лос-Алтос дах Жобсын эцэг эхийн байшинд анх "Apple" компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. 2013 онд уг үл хөдлөх хөрөнгийг Лос Алтос хотын захиргаанаас түүхэн дурсгалт газар болгон зарласан байна. Жобс нь 2011 онд нойр булчирхайн хорт хавдрын хүндрэлээс болж насан эцэслэсэн билээ.
Л.Сайнаа