Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист германы Бухенвальд, Пенемюнде, Дора болон Бегрен-Белсен гэх дөрвөн хорих лагериас амьд үлдсэн Борис Романченко 96 насандаа Орос-Украины дайны үеэр амиа алджээ. Түүний өнгөрсөн баасан гарагт Харьков хотод Оросын агаарын хүчний бөмбөгдөлтийн үеэр нас барсан гэж тогтоогоод байгаа юм байна.
Түүний үхлийг анх олон нийтэд мэдэгдсэн Юлия Романченко буюу ач охин нь: “Түүний оршин сууж байсан Салтивка орон сууцны хороололд халдлага гарсан гэдгийг би гуравдугаар сарын 18-нд олж мэдсэн. Би хөл хорионд байсан тул түүний гэр лүү шууд очиж чадаагүй. Тиймээс хөршүүдээс нь асуухад тэд над руу шатаж буй байшингийн бичлэг явуулсан. Намайг тэнд очих үед өвөөгийн минь байшин юу ч үлдэлгүй шатсан байсан” гэж хэлжээ.
Борис Романченко нь дайны эрин үед амьдарч олон удаа хорих лагериас амьд гарч чадсан туршлагатай нэгэн тул нацистын гэмт хэргийг дурсах тал дээр идэвхтэй ажилладаг Бухенвальд-Дорагийн олон улсын хорооны дэд ерөнхийлөгч байсан гэнэ. Мөн тэрээр 2012 онд Бухенвальд чөлөөлөгдсөний ойн баярт оролцож энх тайван, эрх чөлөө ноёрхсон шинэ дэлхийг бүтээх тухай илтгэл тавьж байжээ. 2018 онд гэхэд Бухенвальдын хорих лагерьт хоригдож байсан гуравхан хоригдол үлдээд байсан юм байна. Харин одоо тэдний нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Түүний үхлийн тухай Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн телеграм хаяг дээрээ: “Борис Романченко бол нацистуудын гараас олон удаа амьд үлдэж чадсан баатарлаг нэгэн байсан юм. ОХУ энэ дайныг Украин улсыг нацистуудын гараас аврах зорилготой эхлүүлсэн гэж хэлсэн. Харин ч тэд нацистуудын эсрэг босож байсан хүмүүсийг л хөнөөж байна.” хэмээн хэлсэн бол Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба: “Хэлэх үггүй гэмт хэрэг байлаа. Хитлерийн гараас мултарч чадсан ч Путингийн гараас мултарч чадсангүй” гэж мөн хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (7)