Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн ням гарагт буюу өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай одоо өрнөж буй дайныг дуусгахын тулд хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр уг мэдэгдлийнхээ үеэр: “Миний бие Владимир Путинтай хэлэлцэхэд бэлэн байна. Би сүүлийн хоёр жилийн турш бэлэн байсаар ирсэн. Миний бодлоор энэ дайныг дуусгах хамгийн зөв зам бол хэлэлцээр хийх. Бид бүх төрлийн хэлэлцээрийн боломжит хувилбаруудыг ашиглахад бэлэн. Владимир Путинтай биечлэн уулзсанч болох юм.
Гэхдээ энэ уулзалт бүтэлгүйтвэл дэлхийн гуравдугаар дайн эхэлж байна гэсэн үг юм. Хэрэв Украин улс НАТО-гийн гишүүн улс байсан бол энэхүү дайн хэзээ ч эхлэхгүй байх байсан. Нийт Украинчуудын төлөө би бусад орнуудаас тусламж ирэхийг хүлээсээр байгаа.
Хэрэв НАТО-гийн гишүүн орнууд биднийг өөрсдийнхөө анд нөхөд гэж харж байвал нэн даруй хариу үйлдэл үзүүлэхийг хүсэж байна. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд бараг нэг сарын турш хүчтэй тэмцсээр байна” гэж хэлжээ.
НАТО нь 1949 онд Хүйтэн дайны үед байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Хойд Америк, Ази, Европ тивийн 30 гишүүн улстай билээ. Хэрэв НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэр лүү өөр улсын зэвсэгт хүчин халдвал НАТО-гийн бүх улс руу халдаж байна гэж тооцогддог. Мөн Украин улсыг гишүүн орны хувиар бүртгэн авах боломжгүй гэдгийг НАТО мэдэгдсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)