АНУ-ын Калифорниа мужийн амбан захирагч асан жүжигчин, бизнес эрхлэгч, улс төрч Арнольд Шаврценегер өөрийн цахим хаягуудаараа дамжуулан Орос-Украины талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлж Оросын ард түмэнд зориулсан бичлэгийг цацлаа. Түүний бичлэгийг бүрэн эхээр нь орчуулан буулгавал:
Сайн байцгаана уу? Өөрсдийн үнэт цагаа надад зориулж буй та бүхэн баярлалаа. Би энэхүү бичлэгийг Оросын ард түмэн болон Украин улсад үүрэг гүйцэтгэж буй цэргүүдэд хүргэхийн тул олон өөр эх сурвалжаар дамжуулан цацаж байна. Дэлхий дээр өнөөдөр өрнөж буй үйл явдлын тухай та бүгдийн мэдэхгүй зүйлсийг би илчлэх гэж байна. Та бүхний мэдэх ёстой аймшигт зүйлс.
Гэхдээ хэрцгий чин үнэний талаар ярихаасаа өмнө та бүгдэд миний шүтээн болсон Орос хүний тухай ярьж өгье. 1961 онд намайг 14 настай байх үед сайн найз маань надад Вена хотод ирж хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамт үзэх санал тавьсан. Тус тэмцээнийг үзэгчдийн суудлаас үзэж байхад Юрий Петрович Власов 200кг жинг толгой дээрээ өргөсөн дэлхийн анхны хүн болсноор дэлхийн аварга болсон. Улмаар найз маань намайг арын тайз руу дагуулж явсан. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. 14 настай жаал хүү дэлхийн хамгийн хүчтэй хүний урд зогсож байлаа. Би нүдэндээ ч итгээгүй. Тэр хүчирхэг гараараа надтай гар барьж инээмсэглэн мэндэлсэн. Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Тэмцээн дууссаны дараа би гэртээ хариад хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхлэх үедээ түүнээс урам зориг авахын тулд Юрий Петрович Власовын зургийг орон дээрээ өлгөсөн. Аав маань маш ихээр дургүйцэж түүний зургийг буулгаж Герман юм уу Австри шүтээнтэй болохыг надаас шаардаж байлаа. Тэр маш ихээр уурлаж бид хоёр үргэлж ам мурийдаг байв. Тэр дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан тул Оросуудад дуртай байгаагүй л дээ. Гэхдээ би түүний зургийг ханан дээрээсээ буулгаагүй. Учир нь Юрий Власов ямар улсыг төлөөлдөг нь надад ямар ч хамаагүй байсан.
Орос улс бид хоёрын холбоо цааш олон үйл явдлаар үргэлжилсэн. Бодибилдингийн тэмцээн болон киноныхоо нээлт, зураг авалтын үеэр ОХУ-аар аялж Орос дахь хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзах мөчүүд надад үргэлж таатай байсаар ирсэн. Мартах шахлаа. Би Юрий Власовтой дахиж уулзсан. Бид Москва хотод “Red Heart” буюу оросын Улаан талбайд зураг авалт хийх зөвшөөрөл авсан анхны Америк киног хийж байлаа. Бид бүхэл өдрийг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд тэр надад цэнхэр кофег анх өгсөн. Тэр цагаас хойш би энэхүү кофег өглөө бүр уудаг болсон. Би 14 наснаасаа хойш Орос хүмүүстэй нарийн холбоотой байсаар ирсэн гэх санааг илэрхийлэх гэж хичээлээ. Би Орос хүмүүсийн эр зориг болон бусад шинж чанаруудаас нь үргэлж үлгэр дуурайлал авсаар ирсэн. Тийм учраас та бүхэн намайг Украинд өрнөж буй дайны тухай бүх үнэнийг хэлүүлнэ гэдэгт итгэж байна.
Хүн бүр өөрийнхөө засгийн газрыг шүүмжлүүлэх дургүй байдаг гэдгийг би ойлгож байна. Гэхдээ өмнө жил АНУ-ын нийслэл хотод ард иргэдийг хамарсан томоохон бослого гарч засгийн газраа огцруулахаар оролдож байх үед би олон түмний дуу хоолой болж өөрийн үзэл болдоо илэрхийлж байсан. Дэлхий дээр ямар нэгэн буруу зүйлс өрнөж байвал бид зоригтой байж дуу хоолойгоо бусдад түгээх ёстой. Танай улсын засгийн газар та бүгдэд энэхүү дайн нь Украин улсын нацистуудын нөлөөг арилгах зорилготой гэж хэлснийг би мэдэж байна. Украинаас нацистуудын нөлөөг арилгах? Энэ чинь худлаа. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский чинь еврей хүн шүү дээ. Түүний эцгийн гурван ах дүү нь бүгд нацистуудын гарт амиа алдсан. Түүнд үүнээс өөр нацистуудтай холбогдсон холбоо байхгүй. Харж байна уу? Украин улс энэ дайныг эхлүүлээгүй. Үндсэрхэг үзэлтнүүд эсвэл нацистууд ч уг дайныг эхлүүлээгүй. Кремлин дэх хүч чадал энэ дайныг эхлүүлсэн. Энэ дайн Орос хүмүүсийн дайн биш. Та бүгдэд хэрэгтэй баримтыг дэлгэхэд НҮБ-ын чуулганы үеэр дэлхийн 141 орон ОХУ-ыг эзлэн түрэмгийлэгч гэдэгтэй санал нэгдсэн. Тэд ОХУ-ыг цэргийн хүчээ Украин улсаас гаргах ёстой гэж үзсэн. Дөнгөж дөрвөн улс ОХУ-тай санал нэгдсэн. Дэлхий даяараа Украины дайнаас болж ОХУ-ын эсрэг зогсож байна. Оросын бөмбөгдөлтөөс болж бүхэл бүтэн хот сүйрч байна. Тэд хүүхдийн эмнэлгийг хүртэл бөмбөгдсөн шүү дээ. Ойролцоогоор 3 сая Украин хүмүүс эх орноосоо дүрвэн гарсан. Тэдний ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настай хүмүүс. Энэ бол хүмүүнлэгийн хямрал.
Уг харгислалаас болж ОХУ дэлхий нийтээс хязгаарлагдаад байна. Олон мянган Орос цэргүүд энэ дайнаас болж нэг хүрэхгүй хугацааны дотор амиа алдсан гэдгийг таа нарт хэлэхэд харамсалтай байна. Олон тооны Оросын байлдааны хэрэгслүүд сүйрч мөн эзэнгүй хаягдсан. Танай улсын зүгээс Украины гэм зэмгүй ард иргэдийг бөмбөгдөж буй үйлдлээс болж дэлхий нийтээрээ урьд өмнө нь авч байгаагүй хамгийн том хэмжээний хоригуудаа Орос улсын эсрэг тавьсаар байна. Энэхүү дайнаас болж хоёр талын ямар ч буруугүй хүмүүс зовж шаналах болно. Оросын засгийн газар зөвхөн иргэддээ худал яриагүй. Тэд цэргүүддээ мөн адил худал ярьсан. Зарим цэргүүд өөрсдийгөө нацистуудын эсрэг тулалдан гэж бодсон. Зарим цэргүүд өөрсдийгөө Украины ард иргэдэд тусалж байна гэж бодсон. Зарим нь өөрсдийгөө зүгээр л байлдааны бэлтгэлд хамрагдах гэж байна хэмээн бодсон. Тэд дайн болох гэж байгаа гэж мэдээгүй. Мөн тэдний зарим нь өөрсдийгөө Украин улс дахь Орос үндэстний хүмүүсийг хамгаалахын тулд байлдах гэж байна хэмээн бодсон. Тэд бүгд худал. Баримт гэвэл Орос цэргүүд эх орон гэр бүлээ хамгаалах хүсэлтэй Украин цэргүүдийн маш хүчирхэг ширүүн тэмцэлтэй нүүр тулсан.
Хүмүүсийн цогцос болон балгасаар дүүрсэн Украины дүр зургийг харах үед надад одоо цагт өрнөж буй үйл явдал бус дэлхийн хоёрдугаар дайны тухай баримтат киног үзэж байгаа мэт мэдрэмж төрсөн. Миний аав дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байх үедээ засгийн газраараа шахагдсан байсан бөгөөд худал хуурмаг үгсээр толгойгоо угаалгасан байсан. Тэр дайны дараа бие махбодын болон сэтгэцийн хувьд маш олон гүн шархтай үлдсэн. Тэр амьдралынхаа үлдсэн цаг мөчүүдийг айдас дунд өнгөрүүлсэн. Миний мэдэгдлийг сонсож буй Орос цэргүүдэд хандаж хэлэхэд та бүгд миний хэлж буй зүйлсийг үнэн гэдгийг ойлгож эхэлсэн гэж найдаж байна. Та нар өөрсдийн нүдээрээ бодит байдлыг харж байгаа. Би та нарыг аав шиг минь амьдралаар амьдраасай гэж хүсэхгүй байна. Энэ бол танай өвөг дээдсийн тулалдаж байсан ОХУ-ыг хамгаалах зорилготой дайн биш. Энэ дайн бол хууль бус үйлдэл. Та нарын амьдрал, ирээдүй гээд бүх зүйл чинь ямар ч утгагүй зүйлсийн төлөө золиослогдож байна. Кремлин дэх хүчний байгууллагуудын удирдагчдаас би асууя. Яагаад та бүгд эдгээр залуусын амь насыг өөрсдийн амбицын төлөө золиослох ёстой гэж? Орос цэргүүдэд дахин хандаж хэлэхэд 11 сая Орос хүмүүс Украин хүмүүстэй гэр бүлийн холбоотой гэдгийг санаарай. Та бүхэн хэн нэгэн рүү буудвал өөрсдийн ах дүү нар луугаа буудаж байна гэсэн үг шүү. Та нарын хаяж буй бөмбөг болгон дайсан дээр чинь биш хүүхдүүдийн сурдаг сургууль, хүмүүсийн эмчлүүлдэг эмнэлэг, хүмүүсийн амьдардаг гэр орон дээр унаж байгаа гэдгийг санаарай. Тиймээс Украинд байгаа орос цэргүүд болон Оросын иргэдийг би улсын удирдлагуудын та нарт өгч буй худал мэдээллүүдэд битгий итгээрэй гэж уриалж байна. Та бүхнээс бодит үнэнийг түгээхийг хүсэж байна. Мөн ерөнхийлөгч Владимир Путинд хандаж “Та энэ дайныг эхлүүлсэн. Та энэ дайныг удирдаж байна. Та энэ дайныг зогсоож чадна.” гэж хэлмээр байна.
Эцэст нь ОХУ-ын гудамж талбай дээгүүр дайныг эсэргүүцэн жагсаж буй хүмүүст хандаж хэлэхэд “Дэлхий даяар та бүгдийн эр зоригийг үнэлж байгаа. Та нарын эр зоригийн үр дүн зовлон шаналлаар дүүрэн байх магадлалтай гэдгийг бид мэдэж байна.Та нар баривчлагдаж байгаа. Та нар шоронд хоригдож байгаа. Та нар биеийн хүчний дарамтад орж байгаа. Та нар бол миний шинэ баатрууд. Та нарт Юрий Петрович Власовын хүч чадал байна. Та нарт Орос хүний зүрх сэтгэл байна.” Хүндэт орос найзууд минь, бурхан та бүгдийг ивээх болтугай.
П.Тамир
Сэтгэгдэл (9)